Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Олимпийн Хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, Дэлхийн аваргын мөнгөн медальт МУГТ С.Батцэцэгт Хөдөлмөрийн баатар цол олголоо.
Хөдөлмөрийн баатар, МУГТ С.Батцэцэг 2020 оны олимпийн дараа зодог тайлах бодолтой байсан аж. Харин Хөдөлмөрийн баатар цол хүртсэний дараагаар “Одоо миний бодол зорилго өөрчлөгдсөн. Би зодог тайлахгүй. Хамгийн ойрын зорилго 2020 оны олимпийг харж байна. Цаашид өөрийн хүсэл, мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хичээх болно” хэмээсэн юм. Шагналаа гардан авсны дараагаар тэрбээр Ерөнхийлөгч Х.Баттулгатай 2020 оны олимпийн талаар санал бодлоо хуваалцсан байна.
Тэрбээр мөн үндэсний шигшээ багийн цалингаасаа татгалзсан. Энэ тухайгаа “Би 2009 онд анх шигшээ багт орж байсан. Тухайн үед автобус унааны мөнгө, өмсөх хувцас бэлтгэлдээ цалингаа зарцуулаад маш их урам авч байснаа санадаг. Миний мэдэрсэн тэр их урмыг залуу үе, дүү нарын маань нэг нь ч гэсэн мэдрээсэй гэж хүссэн” гэв.
Энэ жилийн чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн 55 кг-ын жингийн аваргын төлөө ОУХМ П.Орхон, МУГТ С.Батцэцэг нар өрсөлдөж ОУХМ П.Орхон өрсөлдөгчөө ялсан. Энэхүү барилдааны тухай МУГТ С.Батцэцэг “Энэ жил П.Орхоны бэлтгэл маш сайн байгаа. Түүнийг энэ жил Дэлхийн аварга болно гэдэгт итгэж байна. Болоосой ч гэж хүсч, ерөөж байна” хэмээсэн.
Тэрбээр “Рио 2016” олимпийн наадмын үеэр мөрний бэртэлтэй болсон бөгөөд одоогоор Европт эмчлүүлж байгаа ажээ.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |