Монголын Хөлбөмбөгийн Холбоо, “Арвайн үндэс” ХХК-тай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Хүрхрээ үндэсний лиг”-ийн 10 дугаар тойргийн гурван тоглолт амралтын өдрүүдээр явагдлаа. Эндээс ням гаригт хүснэгтийг тэргүүлэгч гурван баг тоглосон юм. Уг тоглолтуудын талаар товч мэдээллийг өгье.
Эхлээд 13:00 цагаас МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд “Атлетик 220”, “Унаганууд” клубүүд тоглоход П.Мөнхбат дасгалжуулагчтай “Атлетик 220” 5:1-ээр хожсон. Үндэсний лигт анх удаа хүч үзэж буй “Атлетик 220”-оос Д.Төржаргал, Н.Наранболд, Гожи Цүжимүра, Д.Түмэнжаргал, Д.Төрбат, футзалын дархан аварга “Унаганууд”-ын цор ганц гоолыг Э.Пүрэвдорж орууллаа.
Ням гаригт 16:00 цагт МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэн болон ДЦС-4 талбайд “Хүрхрээ үндэсний лиг”-ийн хоёр тоглолт зэрэг явагдсан юм. Нийслэлээрээ овоглосон дерби багууд болох “Эф Си Улаанбаатар”, “Улаанбаатар сити”-ийн тоглолтод Акира Хишагияма, Г.Гантогтох, Б.Цэрэнбаяр нар гоол оруулж, “цэнхэр өмсгөлтөн”-нүүд хоёр дахиа “улаанууд”-ыг буулган авлаа.
Дулааны цахилгаан станцын талбайд болсон тоглолтод эзэн баг “Эрчим”, “Сэлэнгэпресс”-ийг илүүрхлээ. Үндэсний лигийн 10 удаагийн аваргуудаас Б.Даваажав /41’/, Г.Билгүүн /63’/, Николас Ванделли /69’, 80’/ нар өөрсдийн нэр дээр тус тусын гоолыг бичүүлснээр гэртээ 4:0-ээр хожиж бүтэн оноогоо халааслав.
Өрсөлдөгчөө хожсон “Атлетик 220” хүснэгтийн 3-р байранд бичигдэж байгаа бол тэдэнд хожигдсон “Унаганууд” хүснэгтийн хомоол хамсан хэвээрээ байна. Харин Улаанбаатар Сити хожсоноор хоёрдугаар байраа баталгаажуулж үлдээсэн бол Улаанбаатар хотын нөгөө нэг баг нь нэгдүгээр лиг рүү унах аюултай хоёр багийн зайд Унагануудын сууснаас нөгөөх байрыг эзэлж байна. Энэ хооронд лигийг тэргүүлэгч Эрчим өрсөлдөгчөө буулган авснаар 28 дахь оноогоо аваад байгаа юм. Тэд доороо явж байгаа Улаанбаатар Ситигээс 7 оноогоор тасарсан байдалтай явж байна. “Эрчим”-ийн араас нэхэж яваа “Улаанбаатар сити”, “Атлетик 220” клубүүд энэ өдөр хожил авсан бол гол өрсөлдөгчдийн нэг “Хангарьд” лхагва гаригт “Дэрэн”-тэй тоглоно.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |