Монголын Хөлбөмбөгийн Холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох “Холбооны цом”-ын нэгэн сонирхолтой тоглолт өчигдөр явагдлаа.
“Холбооны цом”-ын нэгдүгээр шатны хамгийн үзүүштэй тоглолтуудын нэгт зүй ёсоор тооцогдож байсан “Эф Си Улаанбаатар”, “Унаганууд”-ын тулааныг С.Эрдэнэ-Очирын баг тэргүүлж эхлүүлэх боломжтой байв. Гэсэн ч “Унаганууд”-ын Ж.Цогт-Очир торгуулийн цохилтоо алдаад зогсохгүй эсрэг багийн 10 дугаартай тоглогч О.Дэлгэр нэгдүгээр үеийн сүүлийн минутад өөрт олдсон боломжийг ашиглаж, тооны харьцааг нээсэн юм.
Хоёрдугаар үеийн 58 дахь минутад “Хүрхээ үндэсний лиг”-ийн “Унаганууд”-ын хаалганы торыг хөдөлгөөд амжсан Мотохиро Канаширо гоол оруулснаас гадна солилцоо наймааны цонхоор багтаа эргэн нэгдсэн О.Баяржаргал багийнхаа гурав дахь гоолыг оруулав. “Эф Си Улаанбаатар”-ын оруулах гоолын тоо үүгээр гүйцсэнгүй М.Билгүүн 87 дахь минутад тоог 4:0 болгосон бол “Унаганууд”-ын Э.Ууганбаяр үндсэн цаг дууссаны дараа буюу шүүгчийн мэдлийн нэмэлт цагт багийнхаа нэр төрийн гоолыг оруулсан. Тийнхүү “Унаганууд” хоёр жил дараалан “Холбооны цом”-ын эхний шатнаас хасагдаж, “Эф Си Улаанбаатар” хоёрдугаар шатанд “Хүрхрээ нэгдүгээр лиг”-ийн баг Шарын голтой таарлаа.
Ингэснээр “Холбооны Цом” тэмцээний эхний шат өндөрлөж шилдэг 16 баг тодроод байна. Уг тэмцээний 2 дугаар шат 8 сарын 1-16ны хооронд болох хуваарьтай байгаа юм. Ямар ямар багууд хоорондоо тоглохыг доорх зургаас харж болно.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |