Брүүклин Нэтс өнгөрсөн жилийн өдийд Аллэн Крабын төлөө 4 жилийн 75 сая доллар санал болгож байсан. Харин Портлэнд Трэйл Блэйзэрс түүнийг нь дүйцүүлэн авч үлдэж байсан цаг саяхан. Тэгвэл энэ үйл явдлаас хойш дөнгөж нэг жилийн хугацаа өнгөрч байхад Нэтс хүсэж байсан хүнээ авч чадлаа.
Тодруулбал хэдхэн цагийн өмнө Аллэн Крабыг Брүүклин Нэтс авч, Эндрью Николсонг Портлэнд руу илгээсэн солилцоо болсон байна. Крабын гэрээнээс 56 сая доллар үлдсэн бөгөөд Портлэнд түүнийг ирээдүйдээ багтаахыг хүссэнгүй. Улмаар жил болгон лигийн зүгээс тогтоож өгдөг цалингийн цэсээ суллаж, өөр тоглогчдыг авч ирэхийн төлөө уг нүүдлийг хийсэн байна. Уг наймаа амжилттай болсноор Портлэнд хотын баг энэ улиралд 54,330,160 ам.долларыг хэмнэж байгаа юм. Үүнийг задалбал: Энэ жил цалингийн цэс хэтрүүлсний төлбөр болгож төлөх байсан 37,842,090 ам.доллар болон Крабт өгөх ёстой байсан 16.488,070 доллар болж байна.
Ойрын 2 жилдээ драфтын нэгдүгээр тойргоор тоглогч сонгох эрхгүй Брүүклин Нэтсийн хувьд харин олон жилийн гэрээтэй тоглогчдыг авч, багаа сэргээн босгохоор оролдож байгаа билээ. Тэд энэ улирал дундын солилцоогоор Аллэн Крабаас гадна ДэАнжэло Рассэл, ДэМарри Кэррол нарын боломжийн тоглогчдыг эгнээндээ нэгтгээд байна.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |