Мэргэжлийн мутай боксын түүхэн дэх цөөхөн трансжендэр тулаанчдын нэг Нонг Рөүз Баан Чароэнсук рингэн дээр хамгийн догшин тулаанчдын нэг гэгдэж байна. Тэрээр саяхан мэргэжлийн тулаанчийн замналдаа хоёр дахь тулаандаа оролцож ялалт байгуулжээ. Түүний талаар түүнтэй 5 раунд тулалдаж баруун нүдэн дээрээ гүн шарх авсан Карун “Прьюпак” Каэмлам ийн хэлж байна.
“Түүнтэй тулалдах амаргүй байлаа. Тэр эрэгтэй хүн учраас яг л эрчүүд шиг тулалдаж байсан” гэж Тайландын нийслэлд Ражадамнэрн цэнгэлдэхэд болсон тулааны дараа хэлжээ.
Тулааны үеэр бүх үзэгчид транжендер тулаанчийг дэмжиж байсан байна. Рөүз “Трансжендер байна гэдэг сул дорой байна гэсэн үг биш. Бид ямар ч аавын хүү, ээжийн охиноос дутахгүй” гэж тулааны дараах ярилцлагын үеэрээ онцолсон байна.
Өдгөө 21 настай тулаанч бүсгүйн хувьд авга ахыгаа дагаж 8 настайгаасаа боксоор хичээллэсэн байна. Рөүз ихэр бөгөөд түүний ихэр нь мөн л Мутай боксчин ажээ.
Рөүз энэ тулаанд орохын тулд 300 гаруй тулаанд орж, 150 ялалтынхаа 30-ыг нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө дутуу гаргаж ялсан гэнэ.
Гэхдээ Тайландын түүхэн дэх анхны трансжендер тулаанч нь Рөүз биш юм. 2004 онд бүтээгдэж байсан “Үзэсгэлэнт тулаанч” киноны гол дүр Париня “Нонг Түүм” Чароэнпол нь мөн трансжендер тулаанч байсан билээ.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |