Уул уурхайн бүс нутаг болсон Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга О.Бадарчтай ярилцлаа.
-Эрдэнэс-Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл авто зам тавих болсон. Зам тавигдсанаар тоосжилт болоод бусад тулгамдсан асуудлууд шийдэгдэж чадах уу?
-Анхнаасаа дэд бүтцийн асуудлаа шийдээгүй уурхайн ажил эхлүүлсэн нь алдаа, нөгөө талаар том сургамж болсон. Уурхайгаас өдөр шөнөгүй нүүрсний машины цуваа манай сумын дэргэдүүр өнгөрч үүнээс болж хөрс эвдэрч, агаарт их хэмжээний тоосжилт үүсч нутгийн ард иргэдийн амар амгалан, эрүүл аюулгүй амьдрах баталгаа олон жил алдагдаж хохирсон. Манай Цогтцэций суманд уугуул болон ирж суурьшсан иргэдтэй нийлээд 2000 өрхийн 7300 орчим хүн амьдардаг. Өнөөдөр хүн амын дунд уул уурхайгаас үүдэлтэй агаарын тоосжилт хамгийн тулгамдсан асуудал болж байна. Улаанбаатарт утаа гамшгийн хэмжээнд хүрсэнтэй адил тус сумын асуудал тоосжилт болсон. Бороо хур ихтэй жил хэсэгхэн намдах үе байдаг. Энэ жилийн тухайд говийн нутгаар маш гандуу, бороо хур ховор байгаа нь илүү их тоос босох нөхцөл болж байна. Олон жил боссон энэхүү агаарын тоосжилтонд уул уурхайн компани болон бусад олон улсын байгууллага мониторинг хийсэн. Мөн 2014 онд тоосжилт хэмжих багаж, тоног төхөөрөмжийг манай суманд байрлуулсан. Эдгээрийн үр дүн нь агаарын тоосжилт байх ёстой хэмжээнээс аль хэдийн давчихсан гэж гарсан.Тиймээс үүнийг шийдвэрлэх олон арга зам бий. Үүний нэг нь авто зам тавих, дэд бүтцийн асуудал. Арав гаруй км шороон замаар “Эрдэнэс-Тавантолгой”-н гэрээтэй 5000 гаруй тээврийн хэрэгсэл зорчиж байна. Түүнчлэн Орон нутгийн өмчит Тавантолгой компанийн тээврийн хэрэгсэл явж өнгөрнө. Тус замын салхины дээд талд өргөөшөө 10 орчим км газар ургамлын бүрхэвч тэр чигтээ нэг см орчим тоос, шороон бүрхэвчтэй болсон. Энэ шороо Хятад, Солонгос, Японд очдог гэж хэлж болно. Тэгэхээр олон улсын асуудал болж байна. Харин өнгөрсөн жил Шадар сайд орон нутагт ажиллахдаа “Эрдэнэс-Тавантолгой”-д авто зам тавих дэд бүтцийн асуудлыг сайжруулах үүрэг өгсөн. Үүний дагуу тус компани зураг төслөө гаргаж шуурхай арга хэмжээ авч 8.2 км зам тавихаар боллоо.
-“Эрдэнэс-Тавантолгой” өмнө нь яагаад энэ зам тавьж болоогүй юм бэ?
-“Эрдэнэс-Тавантолгой” болон Баруун, Зүүн Цанхийн төсөл Монгол орны гадаад худалдааны өрийг тэглэхэд чиглэсэн. Богино хугацаанд өрнөөс гарахын тулд орон нутгийн ард иргэдийн эрүүл аюулгүй амьдрах,байгаль экологийн сүйрэл, хөрс эвдрэлийн талаар аль ч төвшинд анхаараагүй. Ирэх оны сүүлчээр энэ зам ашиглалтад орох нь сайн хэрэг боловч дан хатуу хучилттай замаар тээвэрлэлтээ хийх сахилга баттай компани байх уу гэдэг нь асуудалтай. Өөрөөр хэлбэл хөдөөний олон салаалсан чөлөөтэй зам байхад түүгээр явахгүй гэх баталгаа бас алга. Мэдээж жолооч нар замдаа хооллоно дугуй нь хагарна, гагнуур хийх хэрэг гарна, түлшээ авна. Тэгэхээр энэ бүгдийг нэгдсэн нэг зохион байгуулалттай нэг цэгийн үйлчилгээ бий болгож зохицуулалт хийхгүй бол мөн л замаасаа гажих бусад шороон замаар замбараагүй зорчих явдал үүсэх магадлалтай. Энэ нь нөгөө л тоосжилт дахин үүсэх эрсдэлтэй. “Эрдэнэс-Тавантолгой” байгуулагдсанаас хойш бусад өмчийн хэлбэрийн уул уурхайн компаниудын балгаар нийтдээ 7-10 жилийн хугацаанд манай сумын 60-70 га газрын хөрс эвдэрч бохирдсон. Төрд асуудлыг бодитоор харж даруй шийдвэрлэж чадах хүн хэрэгтэй байгааг энэ үйл явц харуулж байна. Түүнээс биш энэ асуудлыг аль эрт шийдвэрлэх боломж байсан. Манай сумын иргэд олон жил замаа хааж энэ асуудалтай тэмцэж байсан. Ямар ч сайд дарга ирээд худал амлаад л буцдаг байлаа. Тус шороон замын шороо нь яг л үнс шиг. Доошоогоо 40-50 см идэгдэж суусан.
-Уурхайнууд байгаль экологид сөрөг нөлөөгүй, тоосжилтыг дарах олборлолтын технологийг хэр ашигладаг бол?
-Тоосжилтыг дарах далд уурхайн дэлхийд шалгарсан олон технологи байдаг гэж сонссон. Уурхайнууд судалдаг байх. Нэвтрүүлэх зардал өндөр байдаг болоод оруулж ирдэггүй байх. Сум орон нутгаас ногоон байгууламж барих төсөл хөтөлбөр хийж олон газар хандсан.Ногоон байгууламж тоосжилтыг өөртөө шингээж хүчилтөрөгчийг их хэмжээгээр ялгаруулдаг. Үүнийг газар сайгүй хийх ёстой. Ингэснээр тоосжилтын хурдыг сааруулна. Гэхдээ хамгийн чухал асуудал төмөр зам тавих. Төмөр замаар тээвэрлэлт хийвэл байгаль орчны хохирол багасна.
-Малчид нутгаасаа нүүсэн үү. Мал ерөөсөө харагдахгүй байна?
-Малчид хамгийн их бухимдалтай, тэвчээр алдагдсан.Нарийн малтай малчид бүгд дайжиж нүүсэн. Зоригтойгоороо тэмээ л уурхайн ойр тоосон дундаас нүүрстэй харгана бударганаа олж идэж байна. Цогтцэцийн энэ их хөндий тэр чигтээ малын бэлчээр байсан. Одоо уул уурхайн хөндий болсон. Манай нутагт мал говьсоно гэж үг байдаг. Говьд зуншлага муу байвал малд тарга тэвээрэг суудаггүй ашиг шим сайжирдаггүй. Үүний цаана маш олон асуудал хөндөгдөнө.
-Уул уурхай явагдаж буй сум орон нутгийн хөгжил дээшилдэг. Танай сумын тухайд юу хэлэх вэ?
-Зарим сум уурхайгаа ашигласнаар давуу эрхтэй хөгжиж байна гэдэг. Давуу эрх гэдэг нь зөв зүйл биш. Уурхайгаас асар их хохирол амсч буйгаа, сөрөг олон асуудлаа тэд орхигдуулдаг. Энэ нь байгаль экологид цаашлаад хүний амьдрах орчинд асар муугаар нөлөөлдөг.
Нэгэнт уурхай олборлолт явуулж ашиг олж л байгаа юм чинь нутгийн иргэдийн амгалан тайван, эрүүл аюулгүй амьдрах орчинг алдагдуулсны, байгаль орчинд учруулж буй хохирлыг олсон ашгаасаа хуримтлал үүсгэн нөхөн сэргээж төлөх үүрэгтэй.Одоо хөгжиж байна гэж хэдэн байшин барилга барихаас илүүтэй гүний ус, хөрсний гадаргуун усны хомсдолын тухай ярих хэрэгтэй. Манай сум хэд хэдэн булаг шандын эх үүсвэртэй байлаа. Дугантын задгай, Мэнэнгийн задгай, Цавчийн задгай гэх нэг уурхайн ойролцоо хурын усаар тэжээгддэг тойром байна. Энэ бүгдийг цаашид яаж хамгаалж сэргээх үү гэдэг чухал асуудал.
-Та түрүүн нэг цэгийн үйлчилгээний тухай дурьдаад өнгөрсөн үүнийгээ дэлгэрүүлж ярина уу?
-Нэг цэгийн үйлчилгээ бий болгосноор тоосжилыг сааруулахаас гадна одоо явж байгаа тээвэрлэлтийн зам дагуу, эргэн тойронд нь гарч буй элдэв төрлийн гэмт хэрэг, зөрчил, хулгай дээрэм, хүчин, биеэ үнэлэлт, цайны газрын ил задгай хог хаягдал, бие засах газар, хулгайгаар архи зарах зэрэг эмх замбараагүй олон асуудал шийдэгдэх юм. Энэ асуудлыг шийдэх хөрнгө мөнгөний талд дэмжлэг үзүүлэх, хувийн бизнесийн компаниудын дунд тендер зарлах зэрэгт олон нийт, төр засгийн дэмжлэг хэрэгтэй.
-Нэг цэгийн үйлчилгээг хаана хийх вэ.Тээврийн зам дагуу газарт л хийх үү?
-Тийм. Одоо явж байгаа доошоо 40-50 см идэгдсэн 15 орчим км үргэлжлэх тэр газраа л хийнэ. Нийтдээ 20 орчим га газарт кадарстарын зураг хийлгэсэн. Уурхайгаас хөдлөөд хоол идэх, амрах боломжтой тэр л хэсэгт бүх үйлчилгээг төвлөрүүлнэ. Хоёр чигийн урсгалтай нэг ээлжинд 100 гаруй том оврын тээврийн хэрэгсэл зогсох зогсоолтой байхаар зураг төслөө хийсэн. Одоогоор шороон зам дагуу 30 гаруй цайны газар ажиллаж байна. Эдгээр газрууд нийтийн хоолны эрүүл ахуйн шаардлагыг нэг нь ч хангаагүй. Түүнчлэн 5000 гаруй жолоочийн нийгмийн асуудал орхигдсон. Хариуцах ёстой компаниуд хариуцлагаа биелүүлэхгүй ийм л байдалтай байна. Тиймээс төрөөс нэг цэгийн үйлчилгээг даруй шийдэх хэрэгтэй байгаа юм. Дор хаяж 4-5 жил ашиглах 00-ын асуудал, хог хаягдлыг хэрхэн зайлуулах элдэв төрлийн болон гэмт хэргийг бууруулах талаар анхаарч тодорхой шийдвэр гаргах зайлшгүй шаардлага энд үүссэн. Гялгар уут малын бэлчээрийг бүрхсэн. Сүүлийн үед мал гялгар уут идэж байна гэхэд хилсдэхгүй. Энэ нутгийн ард түмэн маш их тэвчээр гарган нэн өрөвдөлтэй амьдарч байна.
-Нэг цэгийн үйлчилгээг хийхэд хэчнээн төгрөгийн хөрөнгө шаардлагатай вэ?
-Зөвхөн 100 гаруй том оврын машин зогсох зогсоолтой нэг үйлчилгээний газрыг барихад 600-800 сая төгрөг шаардлагатай. Цаана 1500 метр хашаа, бие засах газар барина гэхэд 600 гаруй сая төгрөгөөр хагас дутуу шийднэ. Мөн гэрэл цахилгаанд холбоно. Усны асуудлыг шийдэх хэрэгтэй болно. Хармсалтай нь үүнд хүч тавьж санаа нэгдэх тэрбум орчим төгрөг гаргах бизнесийн байгууллага одоогоор гарч ирээгүй. Тиймээс “Эрдэнэс-Тавантолгой” компанид сум орон нутгаас хүсэлтээ тавьсан. Компаниудын тээврийн хэрэглийнх нь тоогоор мөнгө татая гэсэн. Гэрээт 70 гаруй компанид хандсан. Нэг компанид 60 орчим сая төгрөг ноогдож байгаа. Тээврийн компаниудад хүсэлтээ албан бичгаар өгсөн хөөцөлдөж байна. Хамгийн олон машинтай компани нь дээд тал нь 500 юм билээ. Ихэнх нь Хятадын компани. Төлөөлж буй монгол удирдлагад нь хэлсэн. “Та нар монгол хүн л юм бол цаад эзэндээ заавал хэлж ойлгуулж шийдүүлээрэй. Та нарын гараар могой бариулж эх нутгийг чинь сүйтгэж байгаа шүү. Ашгийг нь Хятадууд л хүртэж буй шүү ойлгуулж чадахгүй бол надад, ард түмэнд дараагийн арга бий шүү гэж” хэлсэн. Газрын зөвшөөрөлгүй 10 жил болсон 10 гаруй компани байна. Хуулиар бол тэдний ажлын байрыг буулгаад хөөгөөд явуулчих ёстой. Гэхдээ бид аль болох ярилцъя, зөрчлөө арилгая гэж зөвшилцөх байдалтай байгаа. Харин бие бие рүүгээ төрийн нудрага зангидая гэвэл бэлэн байна. Хамгийн эхлээд Авто тээврийн үндэсний төвд энэ компаниудынхаа гэрээ, тээвэр хийх эрхийг цуцла гэж асуудлаа тавина. Тэгээд асуудал шийдэгдэхгүй бол эцэст нь малчид босч замаа хаахад бэлэн. Одоогоор би тэдэнд хүлээлт үүсгэсэн байдалтай байлгаж байна. Би Засаг дарга л юм бол шийдье та нар жаахан тэсч бай гэж хэлсэн. Би энэ сумын Засаг даргын ажлыг аваад зургаан сар болж байна. Тэгээд их гайхдаг. Уул уурхайн сөрөг нөлөөгөөр газар нутаг, хүн ард нь сүйрч байхад төр байсан юм уу гэж. Зургаан жил болж байхад энэ асуудлыг яагаад шийдэж чадаагүй юм бол гэж харамсдаг.
Ц.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин