2 удаагийн НБА-ын аварга, лигийн хамгийн үнэ цэнэтэй тоглогч Стефэн Көрри БНХАУ-д уламжлал болсон аялалын хүрээнд ирээд байна. Тэрээр “Андэр Армор” брэндийн нүүр царай билээ. Уг ажлынхаа хүрээнд гурав дахь жилдээ Бээжинд ирээд байгаа нь энэ юм. Өөрийн нэрийн пүүзийг сурталчилах энэ ажлынхаа хажуугаар өсвөрийн сагсчидтай цуг бэлтгэл хийсэн байна. Тодруулбал Бямба гарагт тэрээр өөрийн дүү Сэт Көрригийн хамтаар залуу сагсчидтай нэг өдрийн хамт өнгөрүүлжээ.
“Энд өөрийнхөө залуу хөгжөөн дэмжигчидтэй хамт байх боломж олдож байгааг маш онцгой зүйл гэж боддог. Гурав дахь жилдээ ирж байгаагийг хувьд энд ирэхэд жил болгон мартагдашгүй дурсамжтай буцдаг. Өөрийнхөө сагсан бөмбөгөөс мэдэрдэг аз жаргалыг өсвөр үеийнхэнтэй хуваалцана гэдэг үнэхээр сайхан хэрэг шүү дээ. Өмнө олон удаа хэлж байсан байх. Гэхдээ үнэхээр өөр хэлэх үг олддоггүй юм. Би сагсан бөмбөгөөс маш их аз жаргалыг мэдэрдэг шиг, энэ хүүхдүүд ч гэсэн мэдэрч байгааг харах сайхан байдаг юм.” гэж сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа дурьджээ.
Лигийн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар НБА-ын өсвөр үеийнхэнд хандсан уг хөтөлбөрт өнгөрөгч онд 53 орны 18 сая гаруй хүүхэд ямар нэгэн байдлаар хамрагдсан гэсэн тоо баримт байна.
Көрри аялалынхаа хүрээнд өөрийн Көрри 3 зэро болон Көрри 4 пүүзнийхээ танилцуулгыг хийж, ССТВ цамхагт суниаж, Пэкин дуурь үзэж, Олимпийн алтан медалт ширээний теннисчин Дин Нингтэй өрсөлдсөн юм.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |