Лигийн баттай эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Дэррик Рөүз Кливлэндэд очсон байна.
Тэрбээр хэдхэн цагийн өмнө Кливлэнд багийн удирдлагуудтай уулзаж нэг жилийн ахмад тоглогчийн цалингаар Кавалерст нэгдэх тохиролцоонд хүрчээ. Мөн багийн ерөнхий менежэр Коби Алтмэнтай уулзаж оройн зоог барьсан бөгөөд манай цагаар өнөө шөнө гэрээнд гарын үсэг зурна хэмээн мэдэгджээ.
Өдгөө 28 настай Рөүз өнгөрсөн улиралд Нью Иоркын бүрэлдэхүүнд 18 оноо, 4.4 ашигтай дамжуулалт, 3.8 самбараас бөмбөг авалт дунджилсан юм. Харин дөрөвдүгээр сард зүүн өвдөгнийхөө зөөлөн эдэд гэмтэл авч, мэс ажилбарт орох шаардлагатай болсноор өнгөрөгч улирлыг үдсэн билээ.
Үүнээс өмнөх 8 улирлыг тэрбээр төрөлх Чикаго Буллз багийн бүрэлдэхүүнд өнгөрүүлсэн юм. \ 2008 оны драфтын тэргүүн сонголтоор уг багт очиж байсан билээ. 2009 оны шилдэг залуу тоглогч, 2011 оны хамгийн үнэ цэнэтэй тоглогч болж байсан ч гэмтэл бэртлийн улмаас сүүлийн жилүүдэд тааруухан тоглолт үзүүлж байгаа Рөүзд Кливлэнд Кавалерс баг аваргын төлөө дайралт хийх боломж санал болгосон юм. Талууд түүнийг гараанд тоглуулах, эсвэл сэлгээнээс тоглуулах тал дээр ярилцсан бөгөөд Рөүз өөрөө багт тус болж байвал аль нь ч хамаагүй гэсэн байр суурьтай байгаа гэнэ. Гэрээний дүн нэг жилийн 2.1 сая ам.доллар ажээ.
Рөүз замналынхаа турш 19.5 оноо, 6 ашигтай дамжуулалт, 3.7 самбараас бөмбөг авалт дунджилсан байдаг.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |