Монголын Хөлбөмбөгийн Холбоо түрүү жилээс эхлэн Унгарын алдарт хөлбөмбөгчин Ференц Пушкашын нэрэмжит академитэй хамтран ажилладаг болоод байгаа билээ. Энэ хамтын ажиллагааны хүрээнд түрүү жил Г.Ганбаяр, О.Хантэнгэр, Д. Тэмүүлэн, Б.Амгаланбат нарын 4 хүүхдийг сургаж байсан билээ. Тэгвэл энэ жил мөн нээлттэй сонгон шалгаруулалт явуулж хоёр хүүхдийг сургахаар болоод байна. 50 гаруй хүүхэд оролцсон уг шалгаруулалтаас Дархан-Уул аймгийн П. Ууганбаяр, Дэрэн клубын А. Дөлгөөн нар тэнцжээ.
Эдгээр хүүхдүүдтэй албан ёсоор гэрээ байгуулж, хэвлэлийн бага хурал зарлаж, дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн байна. Тус хэвлэлийн бага хуралд дээрх хоёр хүүхдээс гадна МХБХ-ны техникийн хэлтсийн захирал Ш. Жаргалсайхан, Унгар улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны консул Кароли Домонкос нар оролцсон байна. Эдгээр хүүхдүүдийн замын зардлыг МХБХ-той хамтран ажиллагч, түнш болох “Их Монгол” сан даахаар болсон байна. МХБХ-ны ерөнхийлөгч А. Ганбаатар хүүхдүүдийн эцэг эхчүүдтэй мөн уулзаж онгоцны тийзийг нь гардуулан өгчээ.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |