”Сэтгэлийн эгшиг” тасрахгүй...

img

 

“Сэтгэлийн эгшиг” хэмээх утга төгөлдөр аялгууг сонсоогүй монгол хүн ховор биз. Тэр аялгууг сонссон хэн бүхэн сэтгэлийн тэндээс сэнхийтэл санаа алдаад эрхгүй нэг л тайвширдаг даа. Тэгтэл Төрийн соёрхолт, "Чингис хаан" одонт хөгжмийн зохиолч Б.Шарав хүнд өвдсөн тухай мэдээ сүүлийн өдрүүдэд цахим хуудсаар хөврөхийг олж уншаад таагүй сэтгэгдэл төрж сууна.

 

Хөгжмийн зохиолч Б.Шарав энэ сарын 10-нд БНХАУ-ын Бээжин хотноо хотноо ходоодны хавдрын хоёр удаагийн хагалгаанд оржээ. Өвчин нь хүндэрч, үсэрхийлснээс ийнхүү хоёр ч удаагийн хүнд хагалгаанд орсон түүнийг одоогоор Бээжин хотноо эхнэр хүү хоёр нь сахиж байгаа юм байна. Одоогоор Б.Шарав гуай ухаан орсон хэдий ч биеийн байдал нь сайнгүй, гуурсаар хооллож байгаа аж.

 

Одоогоор эрчимт эмчилгээ үргэлжлүүлэн хийлгэж байгаа юм байна. Анх эмчлүүлэхээр Бээжин хотыг зорихдоо 40 сая төгрөгийн зардлыг өөрийн зүгээс гаргасан бол “М Си Эс” компани эмчилгээний зардлын 50 хувийг гаргаж, хувь нэмэр оруулжээ. Хагалгаа, эмчилгээний зардалд одоогоор 60 гаруй сая төгрөг зарцуулаад байгаа бөгөөд цаашдын эрчимт эмчилгээний зардалд 100 гаруй сая төгрөг шаардлагатай байгаа юм байна.

 

Иймд нэрт хөгжмийн зохиолчийн эмчилгээнд зориулж Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс “Сэтгэлийн эгшиг” хандивын аяныг эхлүүлээд байгаа. Тус аймгийн нутгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Алтанцэцэг “Хүнд хагалгаандаа ороод гарсан боловч арав гаруй сарын турш нөхөн сэргээлтийн эмчилгээ хийх ёстой гэж эмч нар хэлсэн. Хагалгааны дараах эмчилгээ 100 гаруй сая төгрөг болох юм. Тиймээс бид туслахаар "Сэтгэлийн эгшиг" хандивын аяныг өрнүүлээд байна” хэмээсэн.

 

Монголчууд хүнд, хэцүү цаг үед нэгдэж чаддагыг өнгөрсөн өдрүүдэд гарсан гал  түймрээс харлаа. Бас хэн нэгэнд зовлон тохиолдсон үед сэтгэлээрээ хандив тусламж өргөж, амьдралд нь тус нэмэр болдгийг хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэгийн дүүгийн эмчилгээний зардлыг цуглуулах хандивын аянаас харсан.

 

Өдгөө  Монголын хөгжмийн урлагийн сор бүтээл болох “Сэрсэн тал”, “Сэтгэлийн эгшиг”, "Гэгээн алсад одох юмсан" зэрэг олон сайхан уран бүтээлийг хөглөсөн Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав гуайд монгол түмний тусламж хэрэгтэй байна. Бидний сонорыг аялгуут хөгжмөөрөө мялааж, сэтгэлийн их тайтгарал амсуулж, баярт бялхуулсан уран бүтээлчид өнөөдөр ард түмний сэтгэлийн хандив хэрэгтэй байна.

 

 

Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хэлснээр "Сэрсэн тал", "Сэтгэлийн эгшиг"-ийн сонсогчид байхад босно оо хө”. “Сэрсэн тал”-ыг сонсохуйд “Монгол” гэж цээжээ дэлдэн омогших сэтгэгдэл төрдөг. Энэ аялгууг хөглөсөн эрхэм уран бүтээлчтэй нэг цаг үед оршин буйдаа баярламаар.

 

“Сэтгэлийн эгшиг”  тасрахгүй ээ...

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
эдгэх байлгүй дээ. олон хүний сайхан сэтгэл байхад. би нэг юм хэлэх гэсэн. хэрэв энэ жил наадамд хэнтий бөх түрүүлсэн бол 2 3 машин бас байр энэ тэр гээд хэнтий аймагтай холбоотой хүмүүс өгөх байсан байхда. 100 сая гэдэг нь нэг машины л үнэ биздээ. тэр хүмүүс өгч болдоггүй юм байхдаа
2017-07-24