Мэргэжлийн сумогийн дээд зиндааны 13 дахь өдрийн барилдаанууд хэдхэн минутын өмнө өндөрлөлөө. Өнөөдөр их аварга Хакухо М. Даваажаргал барилдааныг хааж хамгийн сүүлийн дүйзээр дэвжээнд гарсан. Түүний өнөөдрийн өрсөлдөгч нь озеки Такаясү байлаа. Тэрээр энэ башёд түрүүлэхээс гадна озеки Кайогийн дээд амжилтыг эвдэх зорилготой байсныг уншигчид андахгүй сайн мэдэж байгаа байх. 12 өдрийн дараа 1047 даваа авч Кайогийн амжилттай тэнцээд байсан аварга маань өнөөдөр өрсөлдөгчөө ошитаоши мэхээр ялснаар бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон даваа авсан сумоч боллоо. Өдгөө 32 настай их аварга маань ид үедээ ийнхүү сумогийн түүхийг шинэчилсээр байгаа нь үнэхээр бахдам амжилт юм. Озеки Кайо ч саяхан нэгэн ярилцлага өгөх үеэрээ “Би энэ амжилтанд нилээн хожуу, зодог тайлахын өмнөхөн хүрч байсан бол Хакухо ид үедээ хүрч байгаа нь гайхалтай хэрэг. Намайг хүмүүс дурсах шалтаг болж байгаад баяртай байна” гэсэн юм.
Ингээд 13 өдрийн дараах байдлаар тэрээр рекорд эвдэхийн хажуугаар башёг итгэл төгс тэргүүлж байна. Түүний хойноос Болгарын сумоч Аоияма 11-2 гэсэн амжилттай нэхэж яваа юм.
Одоо харин та бүхэнд бусад Монгол бөхчүүдийн амжилтыг товчхон хүргэе.
Ёкозуна Харумафүжи Д. Бямбадорж 10-3
Сэкиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 6-7
Маэгашира-5 Чиёошома Г.Мөнхсайхан 5-8
Маэгашира-6 Ичиножү А.Ичинноров 6-7
Маэгашира-7 Таканойва А.Баасандорж 4-9
Маэгашира-12 Араваши Э.Дөлгөөн 7-6
Б. Энх-Амгалан