НБА-д тоглосон хамгийн шилдэг легионер тоглогчдын нэг Ману Жинобили дахин нэг улирлыг Сан Антонио Спөрс багийн бүрэлдэхүүнд өнгөрүүлэхээр болсон байна.
Энэ улирлыг дуусгаад зодог тайлж ч магадгүй болоод байсан Ману Жинобили ямартай ч дахин нэг улирал тоглоно гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Энэ 7 сарын 28-нд дөчин насны босго алхах Аргентин эрийн хувьд өнгөрсөн улиралд 7.5 оноог дунджаар авч байсан. Гэхдээ сэлгээний тоглогчидтой цуг талбай дээр гарч, гол найруулгыг хийхэд түүний тус мэдээж авч буй онооноосоо илүүтэйгээр үлэмж их хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой. Түрүү жил Тим Данкан зодог тайлсны дараа Тони Паркэр, Ману Жинобили гэсэн хоёр ахмад тоглогч үлдээд байсан. Тэгвэл солилцоо наймаагаар Рүди Гэйг авснаас өөр дорвитой хөдлөөгүй Спөрс хэрвээ түүнийг алдсан бол үлэмж гарз амсах байсан нь мэдээж. Ямартай ч багтаа үлдэх болсон нь сагсан бөмбөгийн үнэнч хөгжөөн дэмжигчдийн хувьд ч тэр, Сан Антонио Спөрс багийн хувьд ч тэр ашигтай үйлдэл болсон гэдэгт эргэлзэх хэрэггүй.
Тэрээр замналынхаа турш ганцхан энэ багийн төлөө хүчин зүтгэхдээ 4 удаа НБА-ын аварга, 3 удаагийн бүх одод болж байсан юм. Бид түүний шалдаж өгдөг гайхалтай дамжуулалт, уран гоё евро алхамт, хамгаалахад бэрх техникүүдийг дахин нэг улирал харахаар болоод байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |