Японы мэргэжлийн сумо бөхийн барилдаан өнөөдөр арав дахь өдрөө үргэлжилж байна. 9 өдрийн дараах байдлаар Хакухо М. Даваажаргал их аварга 9:0 гэсэн амжилттайгаар тэмцээнийг тэргүүлж явна. Өчигдөр тэрээр Маэгашира Кагаякиг Хатакикоми мэхээр буулган авснаар замналынхаа 1045 дахь давааг авч Чёонофүжи аваргын амжилттай тэнцэж ирсэн байна. Одоо түүний хувьд озеки Кайогийн амжилтыг эвдэхэд ердөө гурван даваа хэрэгтэй байгаа юм. Ийнхүү 9 дэх өдөр түүхэн даваагаа авсан Хакухо аварга тэмцээнийг нэг ч унаагүй итгэл төгс тэргүүлж байгаа юм. Түүний араас Болгарын сумоч, зүүний маэгашира-4 Даниэл Иванов буюу Аоияма 8 даваа 1 унаатай нэхэж явна. Харин тэмцээний тэргүүлэгчдийн 3 дугаар эгнээнд 7 даваа 2 унаатай 4 бөх байгаа юм. Тодруулбал: Озеки Такаясү, Барууны Маэгашира-6 Оношо, Зүүний Маэгашира-10 Чёотайрюу болон Зүүний Маэгашира-13 Такарафүжи нарын бөхчүүд юм.
Уг тэмцээний 4 дэх өдрөөс эхлэн Ёкозуна Какарюү Ананд, 6 дахь өдрөөс эхлэн Ёкозуна Кисеносато, Озеки Тэрүнофүжи Г. Ган-Эрдэнэ нар гэмтлийн улмаас тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон нь Хакухо аваргад түрүүлэх боломжийг нэмэгдүүлж байгаа юм. Түүний хувьд дээд зиндаанд 60 дахь башёдоо ёкозуна цолтойгоор зодоглож байгаагаас 38 удаад нь түрүүлээд байгаа билээ. Дээд зиндаанд авсан давааны тоогоор Хакухо аварга 950 даваатайгаар хол тасархай явж байна.
Ингээд бусад Монгол бөхчүүд энэ башёд хэрхэн барилдаж байгаатай танилцана уу.
Өнөөдөр тэмцээн 10 дахь өдрийн барилдаануудаараа үргэлжилнэ.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |