Монголын үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлөөс ээлжит бус “Их эе” хурлыг /2017.05.28/ зохион байгуулж, МҮБХ-ны тэргүүнээр “Гачуурт” ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбатыг томилсон ч МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж одоог хүртэл ажлаа хүлээлгэн өгөөгүй байгаа.
Өчигдөр /2017.07.17/ Монгол бөхийн өргөөнд бөхчүүдийн хооронд болон МҮБХ-ны удирдлагуудын хооронд маргаан дэгджээ. Энэ талаар бөх сонирхогч дэмжигч Д.Гантулга, МҮБХ-ны хяналтын зөвлөлийн гишүүн Ц.Ариунболд нарын хүмүүс мэдээлэл хийлээ.
МҮБХ-ны хяналтын зөвлөлийн гишүүн Ц.Ариунболд “Өчигдөр 18.00 цагийн үед Р.Нямдорж даргатай ажлаа хүлээлцэхээр Монгол бөхийн өргөөнд очсон. Р.Нямдорж гуай байгаагүй. Ирэхийг нь хүлээгээд сууж байтал шөнө 00.00 цагийн орчимд Говь-Алтай аймгийн 40 орчим бөх хүч түрэн орж ирээд явахыг шаардсан. Тэдний гарт цахилгаан бороохой байсан. Бидний зорилго тэдэнтэй маргалдах биш байсан учраас бид өргөөнөөс гарах гэтэл хаалга цоожтой байсан. Тэгтэл Улсын гарьд Н.Ганбаатар өшиглөөд онгойлгочихсон. Говь-Алтай аймгийн бөхчүүд сайн зохион байгуулалттайгаар Р.Нямдоржийг аврахыг боддог юм байна. Бусад аймгийн бөхчүүд тухайлбал манай Өвөрхангай аймгийн бөхчүүд ахыгаа, аавыгаа аврахаар улсын арслангаас, сумын заан хүртэл нэгдээд ирэхгүй. Говь-Алтай аймгийн бөхчүүд сайхан нэгддэг юм байна. Гэхдээ цаана нь 20 аймаг бий шүү. Р.Нямдорж Увсынхан бөх биш гэх юм ярьдаг. Увсынхан нэг юм тунгаана биз. Тэмцэл хийх талаар ярьж л байна лээ. МҮБХ-ны тэргүүний асуудлыг нэг тийш нь шийдэхгүй асуудал даамжирвал бөхчүүд хоорондоо хагаралдаж, долоодугаар сарын 1-ний дайтай үймээн ч дэгдэж магадгүй байна” хэмээв.
МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж ажлаа өгөхгүй байгаа энэхүү асуудлыг Ерөнхийлөгч анхааралдаа авах шаардлагатай гэдгийг хэвлэлийн хуралд оролцогчид онцоллоо.
Г.Тэгшсүрэн