Бостон Сэлтикс өнөөдөр 10 удаагийн бүх одод, 19 жил НБА-д тоглосныхоо 15-ийг Бостонд өнгөрүүлсэн ахмад тоглогч Пол Пирстэй гэрээ байгуулж, түүнийг төрөлх багтайгаа зодог тайлах боломжоор хангаж байгаагаа зарлалаа.
“Пол Сэлтиксийн өмсгөлтэй зодог тайлахыг сонгосон нь бахархууштай үйл явдал болж байна. Тэр бол талбайн гадна ч тэр, талбай дээр ч тэр жинхэнэ аваргын буйртай хамгийн шилдэг Сэлтик байж чадсан нэгэн. Алдрын танхимд орохуйц замналыг өнгөрүүлсэнд нь бид түүнд баяр хүргэхийн ялдамд түүний дугаарыг ТД Гардэнгийн дээврээс унжсан байхыг харахдаа сэтгэл хангалуун байх болно.” хэмээн багийн эздийн нэг Вайк Граусбек хэлсэн байна.
Харин Пол Пирс “ Өөрийгөө дахин Бостон Сэлтиксийн тоглогч гэж дуудуулах болсондоо маш их баяртай байна. Манай баг, манай хот намайг өөрсдийнхөө эгнээнд зодог тайлах боломжийг олгосонд маш их бахдаж байна. Би өөр өмсгөлтэйгөөр зодог тайлж байгаагаа хэзээ ч төсөөлж байгаагүй. Би үхэн үхтлээ Сэлтик байх болно.” хэмээжээ
1998 он драфтын аравдугаар сонголтоор Бостон Сэлтикст сонгогдож байсан Пирс тус багийн нэрийн өмнөөс тоглох хугацаандаа 21.8 оноо, 6 самбар, 3.9 ашигтай дамжуулалт, 1.44 бөмбөг таслалт дунджилсан байна. Тэрээр нийт 1102 тоглолтонд ногоон өмсгөлтэй оролцохдоо 1099-д нь гараанд гарч 36.6 минутыг талбайд өнгөрүүлж байсан юм.
Үнэн хочит Пол Пирс ийнхүү Бостон хотын “үнэн” хэвээр үлдэхээр болж байна.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |