Гурвын давааны өмнө
2017-07-12

Гэрэл зургийг mpa.mn

 

Улсын наадмын гурвын даваанаас эхлэн наадам илүү сонирхолтой, илүү үзүүштэй болдог. Энэ жилийн хувьд ч ялгаагүй сонирхолтой болж байна. Өндөр цолтой бөхчүүдийн хувьд энэ даваанд хэрхэн ам авах нь тун чухал бас хариуцлагатай. Цол горилон барилдаж байгаа залуустаа мөн боломж олгох үүднээс тэднийг тойруулан ам авах нь ч бий.

 

Өнөө жилийн гурвын даваанд барилдах 128 бөхийн дунд цөөн хэдэн аймгийн заан багтсан бол тэдний дээр бичигдэж байгаа аймгийн арслан цолтнууд ч мөн урьд жилүүдээс цөөн байна. Өчигдөр болсон 2-н давааны төгсгөлд олон шилдэг аймгийн арслангууд хоорондоо таарч барилдсан нь үүнд нөлөөлсөн.

 

Хоёрын давааны төгсгөлд зөвхөн “аймгийн арслан” цолтой 30 орчим хос гарч барилдснаас улсын цолны төлөө барилдаж байсан залуус ч өвдөг шороодсон нь бий.  Жишээлбэл: Хөвсгөл аймгийн арслан н.Даваа-Очир хоёрын даваанд Баянхонгорын хурц арслан Б.Эрдэнэхүүг өвдөг шороодуулсан нь бөх сонирхогчдийн начны тааврыг “будилуулж” байгаа хэрэг. Мөн өчигдөр О.Хангай- н.Ганзориг, Ш.Мөнгөнбаатар – н.Цогт-Эрдэнэ, Еркебулан  - хурц арслан н.Сүхбат, Серик – н.Оргилболд зэргээр олон аймгийн арслангууд таарч барилдсан юм.  Нэгийн даваанаас наадмыг орхисон залуу начин Э.Дашийн араас хэд хэдэн улсын цолтон 2 даваанд өвдөг шороодсон юм.

 

Гурвын даваа бол бөхчүүдийн, тэр дундаа өндөр цолтнуудын хамгийн дуртай даваа байдаг бөгөөд энэ жил анх удаа улсын наадамд цолоо дуудуулж байгаа нэг бөх гарсан нь аварга Ч.Санжаадамба болж байна.

 

Ийнхүү Монгол наадмын гурвын даваа эхэллээ.

 

Shuud.mn
Сонин хачин