Энэ жилийн наадмаар улсын цолонд ойрхон бөхчүүдийг нэрлэвэл гарын арван хуруу дутна. Олон жилийн турш сайхан барилдаж байгаа туршлагатай аймгийн арслангууд болон шинэ залуу арал бяртай бөхчүүд ч энд багтана. Өнөө жилийн наадамд 512 бөх зодоглож байгаа учраас шинэ улсын цолонд хүрэх бөхчүүд цөөхөн гарна гэж бөхийн хорхойтнууд ярилцаж байна. Нөгөө талдаа улсын наадамд зодоглож байгаа улсын цолтнуудын тоо энэ жил арай цөөхөн байгаа нь идэр залуу аймгийн арслангуудын боломжыг нэмэгдүүлэх мэт.
Гэхдээ ямар ч аавын хүүгийн ам гарч болдоггүй том даваа бол тавын даваа байдаг. Энэ давааг давсан л бол шилдэг залуус илүү сайн барилдаж, шууд өндөр цолонд хүрч болдог. Бөхийн хорхойтнууд энэ жилийн наадмаар дараах залуусыг улсын цолонд ойрхон бөхөөр нэрлэж байна.
Аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар
Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, “Алдар” спорт хороо.
Анх 2003 онд нутгийнхаа наадамд түрүүлсэн тэрбээр 2010 онд дахин түрүүлж “аймгийн хурц арслан” болсон юм. Сүүлийн 10 жилийн хугацаанд жил бүр улсын цолны тааварт бичигдэж байсан тэрбээр улсын наадмын тавын даваанд нэг бус удаа гарч барилдсан ч хараахан давж үзээгүй байна. Хамгийн сүүлд тэрбээр өнгөрсөн жилийн наадмын тавын даваанд одоогийн улсын начин Д.Анартай тунаж өвдөг шороодсон юм. Энэ жил 35 настай түүнийг бөх сонирхогчид начны тааварт нэрлэсээр байна.
Аймгийн хурц арслан Н.Золбоо
Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Аврагч” спорт хороо.
Өнгөрсөн жилийн туршид заал танхимын барилдаанд одтой сайхан барилдсан тэрбээр начны тааварт дээгүүр бичигдэж байна. Энэ жил бэлтгэл сайтай байгаа тэрбээр энэ жил цагаан сарын баярт зориулсан аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд түрүүлсэн.
Аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү
Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хангарьд” спорт хороо.
Энэ жилийн наадмаар нэг аймгаас, нэг сумаас 2 начин төрвөл Н.Золбоо, Б.Эрдэнэхүү нар байх өндөр магадлалтай. Аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд тогтмол өндөр амжилт гаргадаг Б.Эрдэнэхүүгийн хувьд арал, бяраар хэнээс ч дутахгүй. Жил ирэх бүрт барилдаан нягтарч, туршлагаа зузаалсаар байгаа тэрбээр 2010 онд Баянхонгор аймагт түрүүлж аймгийн арслан болсон бол таван жилийн дараа дахин нутагтаа түрүүлснээр “хурц” чимэг нэмсэн билээ.
Аймгийн хурц арслан О.Гантулга
Увс аймгийн Малчин сумын уугуул, Увс нуур бөхийн дэвжээ.
Сүүлийн жилүүдэд начны тааварт тогтмол бичигдэж байгаа шилдэг аймгийн арслан. Өнөө цагийн шилдэг бөхчүүдийн нэг улсын харцага Ц.Содномдоржтой ураг төрлийн холбоотой тэрбээр одоогоос 2 жилийн өмнө улсын наадмын дөрвийн даваанд дүүтэйгээ таарч унаж байсан удаатай. 2011 онд тэрбээр Ховд аймгийн баяр наадамд 9 даван түрүүлж шууд хурц чимэгтэй арслан болж байсан юм.
Аймгийн арслан О.Хангай
Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Ховд” бөхийн дэвжээний бөх.
Нуруу, биеийн жин, бяр чадал гээд аль ч талаараа улсын цолтноос дутах зүйлгүй. ХААИС-н гуравдугаар курсын оюутан байхдаа анх барилдаж эхэлсэн гэгддэг тэрбээр сүүлийн нэг жил танхимын барилдаанд онцгой сайн барилдсан. Өнгөрсөн хавраас хойш хэд хэдэн барилдаанд шөвгөрсөн тэрбээр аварга (ИНЕГ), арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд дараалан түрүүлж өндөр формтой байгаагаа харуулсан билээ. Даваа ахих бүр тунаанд үлдэх өндөр магадлалтай түүнийг начин цолноос ч илүү өндөр амжилт гаргана гэж үзэх хүмүүс ч олон бий.
Аймгийн арслан Э.Ууганбаяр
Төв аймгийн Баянчандмань сумын уугуул, “Дүнжингарав” дэвжээний бөх.
1992 онд төрсөн түүний хувьд хүчний 3 төрөлтөөр хичээллэдэг тэрээр Ази тив болон Дэлхийн аварга, Дэлхийн рекорд эзэмшигч гээд энэ спортоор багагүй танигдсэн нэгэн. Гар шуу, цээж нуруу, хөл гээд биеийн аль ч хэсэгтээ тэгш бяртай түүнтэй барилдах нь ямар ч бөхийн хувьд хүнд. 2013 онд Дархан-Уул аймагт шөвгөрч аймгийн начин болсон тэрбээр өнгөрсөн жил нутгийнхаа наадамд түрүүлснээр аймгийн арслан болжээ.
Г.Баяраа
Уншиж байна |