Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам хязаалан насны морины уралдаанаар эхэллээ. Хязаалангийн уралдаанд 304 хурдан буян бүртгүүлснээс 127 хязаалан гарааны зурхай руу мордсон.
Үүнээс уралдааны түрүү магнайд Архангай аймгийн Их тамир сумын харъяат Ж.Уясахын бор үрээ хурдаллаа. Ж.Уясахын энэхүү хурдан буян өнгөрсөн жилийн наадмаар шүдлэн насандаа Улсын баяр наадмын түрүү магнайд хурдалсан бол өнөө жил ийнхүү дахин төрийн их баяр наадамд түрүүлж, түмэн олноо баясгалаа. Түүний аав Архангай аймгийн Их тамир сумын уугуул Д.Жаргалсайхан 2005 онд Ардын хувьсгалын 84 жилийн ойн үндэсний их баяр наадамд хязаалан үрээгээ айргийн тавд хурдлуулж байсан. Мөн 2007 онд мөн айрагдуулж байсан бол 10 жилийн дараа хүү нь хязаалан үрээгээ улсын наадамд түрүүлгэв.
Аман хүзүүнд Дорнод аймгийн Цагаан-Уул сумын харъяат улсын алдарт уяач Т.Батзоригийн уясан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харъяат, Тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн зээрд үрээ,
Айргийн гуравт Баянхонгор аймгийн Богд сумын уяач Д.Ганболдын хонгор халзан,
Дөрөвт Дорнод аймгийн Цагаан-Уул сумын харъяат Б.Батсайханы шарга халзан,
Тавд Дундговь аймгийн Дэрэн сумын харъяат Л.Эрдэнэбаярын хээр үрээ тус тус хурдаллаа.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |