Заалан дахь хамгийн чанга дуутай эр танаа
2017-07-07

Уншигч таны энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилж байна. Сагсан бөмбөг сонирхогчдын улирал дуусаад багагүй хугацаа өнгөрчээ. НБА дахь шилжилт хөдөлгөөнүүд ч татарч эхэлж байх шиг. Монгол Улсад сонгууль наадам гээд сагсан бөмбөгийн ертөнц чимээ аниргүйд дарагдахад ойрхон байгаа билээ. Гэхдээ уншигчид дуртай зүйлийнхээ талаар үргэлж эрэл сурал болж, шимтэн хорхойсч байдаг гэдгийг би ч өөрийнхөө амьдралаас сайн мэднэ. Тиймээс саяхан “The Players Tribune” сайтад нэгэн захидал уншсан юм. Энэ бол энэ жилийн драфт ангийн хамгийн сенсацтай, магадгүй сагсан бөмбөгийн ертөнцийн хамгийн дуулиант гэр бүл болох Боллын гэр бүлийнхэнтэй холбоотой захиа.

 

Тодруулбал аав нарын баяраар буюу 6 сарын 18нд Лос Анжелэс Лэйкэрс багийн шинэхэн гишүүн, 2017 оны драфтын хоёр дахь сонголт Лонзо Боллын аавдаа хаягласан захиа. Энэ жилийн драфт ангийг сүүлийн 10 жилийн хугацаанд байгаагүй сайн драфт анги хэмээн АНУ-ын хэвлэл мэдээллээр шуугиж байснаас эхлээд хүүгээ НБА-д орохоос өмнө олны хараанд өртүүлсэн Лавар Болл гэгч эртэй холбоотой захиа байсан учраас өөрийн эрхгүй сонирхол татаж билээ. Нөгөөтэйгүүр Бостоны хөгжөөн дэмжигчийн хувьд заналт дайсан багт орсон, драфт ангийнхаа шилдэг хоёр тоглогчийн нэг гэгдээд байгаа залуугийн ертөнцийг багахан ч болов таних гэсэн хүсэл минь энэ захидлыг дуустал уншихад хөтөлсөн юм. Захидал ч надад таалагдлаа. Тиймээс ч та бүхэнтэй хуваалцая гэж шийдээд нэгэнт орчуулж эхэлсэн тул урт гэж төвөгшөөлгүй орчуулж дууссан байна.

 

Олон хүний дургүйг хүргээд байгаа Лавар Боллын талаар, бидний хараагүй өөр өнцгийг энэ захианаас харж болох учраас уншигч та ч төвөгшөөлгүй уншина гэж найднам. Зөвхөн Лавар Боллоор тогтохгүй Лонзо Болл хэмээх залуу тоглогчийн дотоод ертөнцийг танихад багахан ч болов нэмэр болох болов уу гэж бодож байна. Ингээд олон юм нуршиж, уншигч таныг чилээсэндээ хүлцэл өчөөд, энэхүү захидлыг эхлүүлж байна.

 

Заалан дахь хамгийн чанга дуутай эр танаа

 

 

Хүндэт аав минь

Сүүлийн хэдэн сарын турш та миний талаар маш их ярилаа. Магадгүй зарим хүмүүсийг сонсохоос залхтал нь ярьсан байх. Ингээд аавуудын баяр болж байгаатай холбогдуулан би танд хэлэхийг хүссэн хэдэн зүйлээ энэхүү захиагаар дамжуулан бичсэн нь дээр байх гэж бодлоо.

 

Телевизороор хүмүүсийн харж байгаа хүн биш, жинхэнэ та бол... ердөө л миний аав.

 

Бусад хүмүүс юу гэж бодох бол гэж санаа зовж, ач холбогдол өгдөггүйд тань би хамгаас илүү биширдэг. Хүмүүс таныг өөр өөрсдийнхөө хүссэнээрээ л хүлээж аваг. Тэд угаасаа таны талаар үнэнийг мэдэхгүй шүү дээ. Тэд таныг минь над шиг сайн мэдэхгүй.

 

Ах дүү бид гурвыг бусад хүүхэд шиг хүүхэд насандаа тоглож наадаг гэсэндээ зочны өрөөгөө бид гуравт л зориулж суллаж байхад тэр хүмүүс хажууд минь байсан ч биш дээ.

 

Биднийг өсч өндийх насанд өглөө болгон таны минь бэлддэг өглөөний цайг ганц удаа ч үнэрлэж сэрж үзээгүй хүмүүс шүү дээ.

 

Намайг ахлах сургуулиа 4.0 голчтой төгсөж байхад тэд ямар таны минь хажууд байж, хүүдээ ямар их итгэдэгийг чинь мэдэрсэн ч биш дээ.

 

Та ийм л хүн

 

Үүнийг сонсоод хүмүүс нэг их гайхахгүй байх л даа. Гэхдээ миний хамгийн тод санадаг зүйл гэвэл зааланд хамгийн чанга дуутай хүн нь та минь л байдаг байлаа.

 

 

Та үргэлж надад сонсогдохоор ойр суудаг байсан учраас үзэгчдийн суудалд суугаад үзэж байгаа, эсвэл манай багийг дасгалжуулж байгаа алин болох нь надад хамаагүй байсан. Учир нь би таныг үргэлж миний хажууд гэдгийг мэддэг. Хүмүүсийн харж байгаа шиг гэнэт л ийм болчихсон биш, үргэлж л та миний хажууд байдаг.

 

Дунд сургуульд байхаасаа л би нэг л өдөр НБА-д орно гэж мөрөөддөг байсан сан. Яг л Мэжик Жонсон шиг холбогч болохыг ургуулан бодоод л. Та намайг тийм тоглогч болоход туслахыг зөвшөөрсөн. Та минь өөрийнхөө амьдралын утга учрыг яг одоогийнх шигээ миний мөрөөдөлд зориулсан учраас би танд одоо ч итгэдэг. Харин үүнийхээ хариуд та хүүгээ үргэлж өсч дэвжих боломжийг нь олгосон.

 

Таны гаргасан бэлтгэлийн хуваарь одоо ч толгойд минь тодхон байна. Магадгүй үргэлж хадаатай байх биз.

 

Даваа, Лхагва, Баасан гаригуудад үргэлж хүчний бэлтгэл.

 

Мягмар, Пүрэв гаригуудад суниалт

 

Тэгээд гүвээ... Ай, тэр гүвээг ээ

 

Өдөр болгон ЛиАнжэло ЛаМэло бид гурвыг байшингын хаана ч нуугдсан та олоод, нар хөөрөн гадаа халуу шатахаас өмнө гэртээ ирж дасгалаа хийлгэхийн тулд дагуулж яван тэр өндөр гүвээ өөд, уруу гүйлгэдэг байсан.

 

Та өөрийн биеэр мэддэг бүх зүйлээ бидэнд үлгэрчлэн заасан. Бүр алхам тутамдаа аливаа зүйлийн мөн чанарыг таниулах гэж хичээсэн. Шантарч байх үед минь хүчилж, урамшуулж байж болох бүх аргаар эцсийн үр дүнд хүрэхэд сургасан. Гэхдээ хэзээ ч хүчээр тулган шаардаж байгаагүй. Та тэгэх хэрэггүй гэдгийг хамгийн сайн мэддэг байлаа. Та намайг бүрэн ойлгосон.

 

Надад өөрийгөө хурцлах үе тулгарахад аав минь та яах ёстойг хамгийн сайн мэддэг хүн нь байсан шүү. Гэхдээ хэзээ ч өшөө олон оролтоор дасгалаа хүндрүүл гэж хүчилж байгаагүй. Зүгээр л дэргэд минь суугаад “Аав нь чамайг сайжрахгүй байгаагаа өөрөө мэдэж байгаа гэж найдаж байна” гэдэгсэн. Таны энэ л үгс намайг өөрийгөө улам хурцлахад хэрэгтэй байсан тэр цоожны түлхүүр билээ.

 

 

Дараа нь юу болохоос үл хамаарч гэр бүлээрээ аялан тоглолтоор явдаг байснаа байнга санан дурсах болно оо би. Урд талын суудал дээр ээж та хоёр суугаад хөгжим хангинуулахад ах дүү бид гурав арын суудал дээр дэвхрэлдээд л.

 

Аян замын уртад бид байнга үдэшлэг хийж байгаа аятай л явдаг байсан. Харин гэртээ харих замын уур амьсгал тоглолт хэрхэн өрнөсөнөөс шалтгаалан өөр өөр байж билээ.

 

Та хэзээ ч надад “Сайн тоглолт байлаа” гэж хэлсэн төдий болоод орхичихдоггүй байв. Ялсан ч бай, ялагдсан ч бай, үргэлж намайг өшөө илүү сайжрах боломжийг олоод харчихсан л байдагсан. Зарим хүмүүс таны ярианы өнгөнөөс дайжиж магадгүй л юм. Харин би бол үргэлж л таны ярианы өнгөнд биш, ярианы ач холбогдолд л анхаарлаа хандуулж, юу хэлэхийг хүссэнийг чинь ойлгох гэж оролддог. Яагаад гэвэл та бүх зүйлийг дэлгэж байгаа юм шиг ярихад чинь ард нь үргэлж сургамжит үнэн байдаг байлаа.

 

Хэдэн жилийн өмнө Нью Иоркоос аялан тоглолтоор ирсэн нэг багийн эсрэг тоголж байснаа би лав хэзээ ч мартахгүй байх. Тэд биднээс насаар ах, биеэр ч гэсэн үлэмж том биетэй байсан. Мэло бараг эсрэг багийн хамгийн намханаас нь нэг тохой намхан байсан гэж хэлэх гэсэн юм. Тэр багийн хүчний довтлогчийг би хамгаалж таарахад өндөр намын маш том ялгаа гарсан шүү.

 

Сагсан бөмбөгт байдаг ялагдахаа мэдэж тоглолтонд ордог үе шиг л тоглолт байсан. Ийм тоглолтуудад ихэнхи баг 20 онооноос доошоо оноогоор хожигдсон бол сэтгэл хангалуун үлддэг байх.

 

Гэхдээ манай гэр бүл лав тийм биш.

 

Бид талбайд гараад тэдэнд хэн нь талбайн эзэн бэ гэдгийг ойлгуулсан. Гурвын шидэлтээр бороо оруулж, бүтэн тоглолтын турш прессинг/шахсан, дарамталсан хамгаалалт/ хийсний эцэст бид тэднийг хожсон.

 

Харин тоглолтоос гэртээ харих зам хамгийн сайхан байж билээ.

 

 

Миний талаар ярихад тань намайг галзууртлаа уурладаг эсэхийг маш олон хүн надаас асуудаг. Тэд намайг иймэрхүү ярианаас зугтааж, таныг илүү их эмоц гаргахыг харахыг хүсдэг.

 

Гэхдээ тэд таны олны нүдэн дээр надад хандан хэлж байгаа зүйл, ганцаарчилж хэлдэг үгтэй чинь яг адилхан байдаг гэдгийг ойлгодоггүй. Маш олон удаа таны зөв байсан. Өнгөрсөн он жилүүдэд бусад хүмүүсийн боломжгүй гэгддэг зүйлсийг та боломжтой болохыг баталсан, ярьсан. Драфтын орой ч гэсэн Лэйкэрс топ гурвын нэг дээр буухад та жаахан хүүхэд шиг баярлаад “Би бүгдэд хэлсэн, ийм юм болно гэж би бүгдэд нь хэлсэн” гэж гүйж байсныг чинь санаж байна. Үнэхээр хөгжилтэй харагдаж байсан шүү.

 

Хүмүүс анзаардаггүй л байх. Гэхдээ би өөртөө итгэх итгэлийг чинь өвчсөн юм шиг дуурайснаараа тантай маш адилхан. /Харин Мэло таны ярианы чадамжийг генийг дуурайсан гэж бодддог./ Ингээд бодохоор, үнэндээ би таниас өөртөө хамгийн хэрэгтэй өөртөө итгэх итгэлийг чинь өвлөж авсан байна. Харин ялгаа нь гэвэл би таниас энэ бүгдийг суралцсан. Надад хэлсэн бүхнийг чинь өөртөө шингээж, талбай дээр түүнийг чинь ашиглаж явна. Би талбай дээр л өөрийнхөө хэлэх гэсэн болгоныг ингэж илэрхийлдэг.

 

Надад итгэх таны итгэл хүүг тань улам өөртөө итгэлтэй болгодог юм шүү. Би таны надад итгэх итгэлээс тань л аливаа сорилтод өвдөг бөхийлгүй, өөрийнхөө хүчээр даван туулах ухааныг олж авдаг. Би өөрийгөө бэлэн болсон гэдгээ мэдэж байгаагаар НБА гэдэг дараагийн алхамдаа хөл тавих гэж байна. Надад юу ч тохиолдсон бай та үргэлж миний арыг найдвартай даана гэдгийг л би маш сайн мэдэж байгаа.

 

Таныхаа миний төлөө хийсэн бүхний тань ачийг хүү чинь яагаад ч хариулж чадахгүй. Миний толгойд танд авч өгнө дөө гэсэн ганц хоёр машин байгаа ч гэсэн тэр бол таны хийсэн бүхний хаана нь ч хүрэхгүй биз. Харин таныхаа зааж сургаснаар амьдарч чадвал ачийг тань хариулах хамгийн зөв зүйл болох болов уу. Та надад НБА-д орох нь тэнд оршин тогтнохоос амархан гэж үргэлж хэлдэг. Би таны итгэлийг алдалгүй дааж чадна гэдгээ нотлохыг хүсч байна. Гагцхүү таныг тэр үед ард минь суугаад, чадлаа даа гэсэн харц дүүрэн байхыг тань л харахыг хүсч байна. Бид чадлаа гэсэн сэтгэл ханамжийг л танд өгмөөр байна.

 

Амьдралыг нь залаад явчих аавгүйн зовлонг туулж байгаа маш олон хүүхдүүд байгааг би мэднэ. Өнчин өрөөсөн, дутуугийн зовлонд байна гэдэг бол даван туулахад хамгийн хүнд зүйлсийн нэг билээ. Бусад бүх хүн юу гэх нь хамаагүй. Та аав шиг аав байж чадсанд тань би хязгааргүй их талархаж явдаг. Хэрвээ та миний амьдралд байгаагүй бол би өнөөдрийнх шигээ ингээд байж байхгүй байсан гэдэгтээ итгэлтэй байна. Үүндээ ч бүрэн итгэлтэй байгаа.

 

Та минь тийм амар амьдрал туулаагүй. Та зөвхөн хөдөлмөрлөх ёстой гэсэн зарчмыг амьдралынхаа бүх зүйл болгосон. Тиймдээ ч та залуу халуун насаа ах дүү бид гурвыг өөр шигээ амьдрал туулуулахгүйн төлөө зориулсан. Надад ааваасаа асууж мэдэх өөр зүйл байгаа гэж бодохгүй байна.

 

Сагсан бөмбөг яаж тоглохыг зааж сургасанд тань баярлалаа. Эр хүн ямар байх ёстойг зааж сургасанд ч баярлалаа. Өөрөөрөө байсныхаа төлөө хэзээ ч уучлал гуйж байгаагүйд тань баярлалаа.

 

Аав нарын баярын мэнд хүргэе, ааваа. Таньдаа хайртай шүү.

 

—Лонзо

 

Shuud.mn
Сонин хачин
Gg:
Shan zahia bna bayarlalaa orchuulagchid
2017-07-08
Зочин:
gaihaltai aav huu 2 bna uhaantai huu yumaa
2017-07-07
уншигч:
Wow gaihaltai, hvvhdvvdinhe tuluu gesen, bvhnig hiideg sain aav baina.
2017-07-07