7 сард Азийн 23 хүртэлх насны АШТ болох гэж байгаа билээ. Саяхан лигийн легионеруудтай нөхөрсөг тоглолт хийж, 3:0-ээр буулган авсан залуучуудын шигшээ баг календарчилсан бэлтгэлийнхээ дараагийн арга хэмжээнүүдэд хамрагдах гэж байна. Тодруулбал манай 23 хүртэлх насны шигшээ баг өнөөдөр БНСУ-ыг зорьж байна. Тэд Монголын Хөлбөмбөгийн Холбоо болон Солонгосын Хөлбөмбөгийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд “Мокпо” бэлтгэлийн баазад 12 хоног байршсан бэлтгэл хийх юм. Уг бэлтгэлийн үеэр БНСУ-ын 19 хүртэлх насны шигшээ баг болон БНСУ-ын мэргэжлийн хөлбөмбөгийн гуравдугаар лигийн багуудтай нөхөрсөг тоглолт хийх хуваарьтай гэнэ.
Тэднийг хилийн чанадыг зорихоос нь өмнө МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ө. Шижир, техникийн хэлтсийн захирал Ш. Жаргалсайхан нар хүлээн авч уулзаж, амжилт хүссэн байна.
Манай баг Азийн АШТ-ийн “H” хэсэгт багтсан бөгөөд хэсгийн эхний тоглолтоо 7 сарын 19-нд Тайландын багийн эсрэг хийнэ. Харин үүний дараа 21-нд Индонези, 23-нд Малайзын багуудтай тус тус тоглох хуваарьтай байгаа юм. Нийт Монголын хөлбөмбөг сонирхогчдын өмнөөс залуучууддаа амжилт хүсье.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |