Программист зөн билэгтэн

Нидерландын “ТВ медиа партнерс”, Норвегийн “Голланд Нордикс фильм” компанийн эзэмшил “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэг нэвтрүүлгийг манай улс албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж буй 22 дахь улс боллоо. Өчигдөр /2017.07.05/ нэвтрүүлгийн зохион байгуулагчид мэдээлэл хийсэн. Энэ үеэр нэвтрүүлгийн оролцогч Б.Эрдэнэсантай цөөн хором хөөрөлдсөн юм.
Нэвтрүүлгийн сонирхолтой оролцогч бол программист мэргэжилтэй зөнч Б.Эрдэнэсан юм. Тэрбээр зөн билэгтэн болсон тухайгаа “Онгод тэнгэртэйгээ мэдээд, мөн олон хүн хэлж байсан тул бөө болсон юм. 2009 оноос хойш энэ замналаар явж байна. Онгод тэнгэрээ албан ёсоор аваад гурван жил боллоо. Өөрийгөө онгод тэнгэртэйг мэдээд “Бусдад тус хүргэнэ, бусдын зовлонгоос нимгэлнэ” гэдэг утгаар нь баяртай хүлээж авсан” хэмээн ярив.
Харин “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэгт оролцох болсон тухайгаа “Би одоогоор зургийн студи ажиллуулдаг. Ажлаа тараад зорьж ирсэн хүмүүсээ гэртээ хүлээн авч, зан үйлээ хийдэг. Тийм ээ, Зөвхөн нэвтрүүлгийн ялагч болох нь миний зорилго биш. Энэ нэвтрүүлгээр дамжуулан Монголын бөөгийн шашныг залуус ямар хэмжээнд авч явж буйг харуулах, мөн өөрийнхөө чадварыг ямар төвшинд байгааг харуулахыг зорьсон. Би Монгол орондоо өөрийн чадах зүйлээр бага ч гэсэн хувь нэмэр оруулахын тулд түмэн олныхоо зовлонгоос нимгэлж, бусдад өөрийн чадах зүйлээр тус болохыг хичээдэг юм” гэв.
Б.Эрдэнэсан үзэгчдээс ирүүлсэн санал хураалтаар тэргүүлж буй. Хэрэв нэвтрүүлгийн ялагч болвол хэрхэх тухайгаа “Намайг дэмжиж надад саналаа өгч байгаа үзэгчиддээ баярлалаа. Үзэгчдээс ирүүлсэн санал хураалт тэмцээний ялагч болоход 30 хувьд нөлөөлж байгаа. Мөн нэвтрүүлгийн тусгай шүүгчдийн санал 30, оролцогчдын нэвтрүүлэгт оролцсон байдал 40 хувьд нөлөөлөх юм. Тэмцээний ялагч болбол хамгийн түрүүнд ээж рүүгээ ярьж, ээжтэйгээ баяраа хуваалцана. Дараа нь шууд гэр рүүгээ явна даа” хэмээсэн.
Монголын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэгт 200 грауй хүн бүртгүүлснээс 60 нь нэвтрүүлэгт оролцож үүнээс шилдэг дөрвөн оролцогч тунаж үлдээд байгаа. “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн ялагч энэ сарын 9-нд тодрох аж.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ