Чөлөөт агентуудыг сонирхож байсан бүх хүмүүс нэг л хүн дээр сүүлийн 3 хоног анхаарлаа хандуулсан гэхэд болно. Энэ бол Юта Жаззын сүпер од Гордон Хэйвард хэмээх цагаан залуу. 7 жилийг Соолт Лэйк хотод үдсэнийхээ дараа тэрээр Массачусеттс мужийн Бостон хотод дараагийн 4 жил амьдахаар болов. Энэ талаараа тэрээр манай цагаар урд шөнө мэдэгдсэн юм. Түүнтэй Бостон Сэлтикс баг 4 жилийн 128 сая ам.долларын цалингийн тохиролцоонд хүрсэн байна. Сүүлийн нэг жилийн гэрээ тоглогчийн мэдэлд гэсэн заалттай уг гэрээ түүнийг НБА-ын хамгийн үнэтэй тамирчдын нэг болгож байгаа юм.
Тэрээр “Намайг энэ сонголтыг хийхэд нөлөөлсөн маш олон гайхалтай зүйлс байсан. Бостон хот бол аваргуудын хот. Тэнд ялалтын гайхалтай уламжлал бүхий Бостон Рэд Сокс, Нью Ингланд Патриотс, Бостон Брүйнс багууд байдаг. Сэлтиксийн хувьд Билл Рассэл, Ларри Бөрд, Пол Пирс гэх мэтчилэн цааш хөврөх олон гайхалтай тоглогчдын баялаг намтартай салшгүй холбоотой баг. Яг одоогийн бүрэлдэхүүн нь ч гэсэн багийн эздээс эхлээд, дасгалжуулагчид, тэгээд мэдээж хэрэг Азаиа Томас, Эл Хорфордоос эхлээд гайхалтай тоглогчид бүхий баг хамт олонтой. Мөн дасгалжуулагч Брэд Стивэнсийг дурьдахгүй өнгөрч болохгүй. Талбайн гадуурх бидний харилцаагаар тогтохгүй, олон жилийн өмнө Индианад байхад эхлүүлсэн дуусгаагүй нэг зүйлээр бид маш нарийн холбогдсон хүмүүс. 2010 онд намайг Батлэрийн их сургуулийг орхиж байхад бидэнд дутуу хийсэн нэг ажил бий. Одоо харин энэ олон жилийн дараа бид үүнийг гүйцээх боломжтой болж байна. Тэр ажил нь аварга болох” гэж өөрийн сонголт болон шинэ багийнхаа талаар сэтгүүлчдэд мэдэгдсэн юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |