Английн шигшээ баг болон Челси клубын шилдэг хамгаалагч асан Жон Тэрри шинэ багтай болжээ. Өнгөрсөн улиралд Челсигээс зам салж, мэргэжлийн тамирчны замналын сүүлийн жилүүдээ эхлүүлсэн тэрбээр Астон Вилла багт нэгдсэн байна.
36 настай туршлагатай хамгаалагчийн хувьд Бирмингэм хотын багтай 1 жилийн гэрээ байгуулсан байна. Ердөө 2 жилийн өмнө Премьер лигээс хасагдаж байсан тус баг өнгөрсөн улиралд Чэмпионшип дивизоны 13-р байранд орсон юм. Тэгвэл ирэх улиралд дахин дээд лиг рүү хийх дайралтад Жон Терригийн оролцоо тун их байх нь гарцаагүй биз ээ.
Туршлагатай хамгаалагч Астон Виллад нэгдснийхээ дараа: “Астон Вилла багт нэгдсэндээ баяртай байна. Энэ клуб олон жилийн өмнөөс л намайг гайхшруулж байсан. Bodymoor Heath (Астон Вилла багийн бэлтгэлийн төв)-д олон сайхан байгууламжууд бий. Бас Вилла Парк бол манай улсын хамгийн сайхан цэнгэлдэхүүдийн нэг. Энд баг тамирчид үнэхээр сайн тоглодог. Мөн чадварлаг менежер Стиюв Брюстэй хамтрах болсондоо баяртай байна. Ирэх улирлын хүлээж тэсэхгүй байна. Энэ жил тэднийг ямар нэг том амжилт гаргахад нь туслахыг хүсч байна” гэжээ.
Астон Вилла баг 2017-2018 оны улирлын эхний тоглолтоо 8-р сарын 5-ны өдөр Халл сити багийн эсрэг хийнэ.
Г.Баяраа
Уншиж байна |