Мэргэжлийн сумо бөхийн долоодугаар сарын башё энэ долоо хоногт эхлэх хуваарьтай байгаа билээ. Уг башёд 4 аварга дөрвүүлээ барилдахаас гадна 3 озеки барилдахаар болсон нь сүүлийн хэдэн жил үзэгдээгүй рекорд амжилт болж байгаа. Тэгвэл энэ чансаа өндөртэй башёд сумогийн түүхэн дэх хамгийн олон даваа авсан бөх гэсэн амжилтын төлөө барилдах Их Аварга Хакухо М. Даваажаргал бэлтгэлээ базааж байна. Өнөөдөр тэрээр Томозуна дэвжээнд зочилж, тус дэвжээний залуу бөхчүүд болон Японы жудогийн шигшээ багийнхантай нэгдсэн бэлтгэл хийсэн байна. Тус дэвжээний ояакато буюу дасгалжуулагч багш нь Монголын анхны сумо бөхчүүдийн нэг Кёкүтэнхо Н. Цэвэгням буюу Оота Масарү ажилладаг юм.
60 дахь башёдоо ёкозуна цолтойгоор зодоглох Хакухо М. Даваажаргал аваргын хувьд боломжит 15 даваанаас арван нэгт нь ялахад озеки Кайогийн эзэмшдэг 1047 даваа буюу дээд зиндаанд хамгийн олон даваа авсан хэмээх рекордтой тэнцэж, 12 даваа авбал түүхийн хуудсыг шинээр бичнэ.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |