NBA-н улирал идэвхигүй үедээ үргэлжилж байх энэ үед баг тус бүр нүдээ олсон солилцоо наймаа хийхийг эрмэлздэг. Энэ дундаас оносон нэгэн байхад алдсан нэгэн ч гардаг юм. Ингээд та бүхэнд түүхэнд “хамгийн тааруу” гэж тэмдэглэгдэн үлдсэн солилцоо наймаануудыг хүргэж байна.
Оскар Робертсон
Сагсанбөмбөгийн түүхэн дэх домогт тоглогчдын нэг Оскар Робертсон 1960-1970 онд Цинцинати Рояльс (Сакраменто Кингс) багт хүчин зүтгэсэн. Энэ хугацаанд Биг-Өү олон гайхалтай улирлын үдсэн ч аварга цолыг нэг удаа хүртээгүй юм. Улмаар түүнийг 1970 онд Милуоки Бакс багт өгч оронд нь Чарли Полк, Флинн Робинсон гэсэн 2 тоглогчыг авч байв. Ойлгоход тун бэрх энэ наймаа болсны дараа жил Бакс Аварга цолыг хүртэж байжээ.
Дирк Новицки
Германы шилдэг сагсанбөмбөгч Дирк Новицки анх 1998 оны драфтаар Милуоки Бакс багт сонгогдож байв. Гэхдээ Бакс түүнийг огт сонирхолгүй драфтын өдөр Далластай солилцсон байна. Түүнийг 6-р байраараа сонгогдсон Роберт Трэйлор гэх залуугаар солиж явуулсан юм. Трэйлор NBA-д бүртгэлтэй 7 улирлыг үдэхдээ нийт 72 тоглолтод оролцсон байдаг бол түүнтэй солигдсон Герман эр “Сагсанбөмбөгийн алдрын танхим”-д бичигдэх нь гарцаагүй биз ээ.
Чарльз Баркли
1992 он. Филадельфи 76 баг довтлогч Чарльз Барклиг Финикс Санс багруу үдэн гаргалаа. Ингэхдээ түүнийг Жефф Хорнасек, Эндрью Ланг, Тим Пэрри нарын 3 тоглогчоор сольжээ. Уг солилцоо Филадельфид шууд үр нөгөөгөө үзүүлж, 6 улиралд дараалан плейоффт гарч чадсангүй. Харин Баркли Санст очсон эхний жилдээ л улирлын MVP шагналыг хүртсэн байдаг.
Жэймс Уорти
Кливлэнд Кавальерс багт өөр нэгэн Жэймс гялалзах боломж байжээ. Гэхдээ бас с тааруу наймаагаар энэ явдал болоогүй юм. 1979-80 оны улиралд 37 хожил авсан Кавс 1982 оны драфтын эхний тойргийн эрхээ наймаалцсан. Тэд энэ эрхээ Лейкерст өгч оронд нь Дон Форд болон 1980 оны эрхийг яарч авсан юм. Харин үүнээс 2 жилийн дараа Лейкерс энэ эрхээр домогт Жэймс Уортиг сонгож байсан түүхтэй.
Скотти Пиппен
Олон алдаа оноонууд драфтын өдөр болсон байдаг. Тэгвэл 1987 онд Сиэтл Сүперсоникс баг том алдаа хийсэн юм. Коллежын сагсанбөмбөгт өндөр үнэлгээтэй байсан Олден Полинайсийг авахын тулд тус баг нилээд их зүйлийг Чикагод төлсөн. Эдгээрийн дунд домогт Скотти Пиппен багтаж байсан юм. 5-р байраар Сиэтлд сонгогдсон залуу тэд дороо Чикагог зорих болсон юм. Түүний Чикагод очоод үзүүлсэн амжилтыг тайлбарлах нь илүүц биз ээ.
Коби Брайнт
Домогт Коби Брайнт мөн уг жагсаалтад багтана. 1996 онд лигт элссэн 18 настай хүүг Шарлотт Хорнетс баг анх сонгож байсан ч Лейкерс түүний төлөө туршлагатай төвийн тоглогч Влади Дивацыг санал болгосон байдаг. Улмаар энэ солилцоо хийгснээр Лейкерс шилдэг тоглогчоо өлгийдөн авсан байдаг. Хорнетс Лейкерс багууд уг наймааг драфтаас өмнө аль хэдийнэ тохирсон гэгддэг. Гэхдээ тэдэнд “Үгүй” гэж хэлэх боломж байсан.
Карим Абдул Жаббар
1970-71 онд NBA аварга болсон Бакс 3 жилийн дараа мөн ойлголмжгүй солилцоог хийжээ. Тэд финалийн цувралд 30 оноо, 15 самбар дунджилсан Карим Абдул Жаббарыг 4 тоглогчоор сольж Лос Анжелес Лейкерс баг руу үдсэн юм. Гэхдээ энэ солилцооны цонхоор тэд том амжилт гаргаж шидснээ мэдээгүй юм. Домогт Жаббар энэ солилцооноос хойш Аваргын цомыг 5 удаа өргөсөн юм.
Мэжик Жонсон
Домогт Мэжик Жонсон мөн Лейкерсээс өөр багт гялалзах боломжтой байсан. Бүр Юта Жазз багт. 1970-аад онд Юта Жазз багийнхан Лейкерсийн Гайл Гүүдричийг авахаар хөөцөлдөж байсан. Улмаар гурван багийн нийлээд хэдэн тоглогчийг хамруулсан наймаа болж байсан юм. Үр дүнд нь Юта Жазз багийн мэдэлд байсан 1979 оны эхний тойргийн драфтын эрх Лейкерст иржээ. Мэдээж энэ сонголтоор Мэжик Жонсон шар өмсгөлтэй болж байсан түүхтэй.
Билл Рассель
Энэ наймаа NBA-н түүнийг өөрчилснөөрөө илүү том тооцогдоно. 1956 оны драфт. Одоогийн Атланта Хокс баг тухайн үед Сэнт-Луйс хотод байжээ. Тус баг 3-р сонголтоор Бил Расселийг авсан юм. Харин тэдний сонголтыг Бостон Селтикс багийн домогт дасгалжуулагч Рэд Ауэрбах анзаарсан байжээ. Улмаар залуу тоглогчийн төлөө 2 тоглогч болон өөрийн мэдэлд байсан Драфтын нэг эрхийг санал болгож авсан байна.
Билл Рассель энэ үеэс хойш 14 жил тоглохдоо 11 удаа аваргын цом, 5 удаа үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртсэн билээ.
Г.Баяраа
Уншиж байна |