Теннисний спортын тод одод эгч дүү Уильямсын эгч нь болох Венус Уильямсын буруутай үйлдлээс болон хүний амь эрдсэн байна. Энэ оны 6-р сарын 9-нд Флорида мужид болсон ослын гол буруутан нь алдарт теннисчин маань байжээ. Флорида мужийн Пам Бийч Гарденсын цагдаагийн газрын мэдээлж буйгаар Венус Уильямс улаан гэрлээр уулзвар нэвтрэн улмаар хажуу урсгалаас ногоон гэрлээр орж ирсэн машинтай мөргөлдсөн байна. Мөргүүлсэн машиныг Линда Барсон гэгч ахмад настай эмэгтэй унаж явсан бөгөөд ослын улмаас түүний нөхөр 78 настай Жером Барсон тархиндаа гэмтэл авч улмаар эмнэлэгт хүргэгдсэн ч 14 хоногийн дараа нас баржээ.
Харин Венус Уильямсын өмгөөлөгчийнх нь мэдээлж буйгаар Уильямс уулзвараар дөнгөж нэвтэрсний дараа улаан гэрэл ассан бөгөөд зогсохоос өөр аргагүй болон хурдаа хасах үед хажуу урсгалаас ногоон гэрлээр орж ирсэн машинтай мөргөлдөж санаандгүй осол болсон гэжээ. Хэдийгээр цагдаагийн газрын мэдээллээр 2 машин тийм ч хүчтэй мөргөлдөөгүй бөгөөд осол яг болох үед теннисчин бүсгүйн машин ердөө 5 миль буюу 8 км/ц –н хурдтай явж байсан хэдий ч хохирогч нь өндөр настай хүн байсан тул ийнхүү амиа алдахуйц гэмтэл бэртэл авсан байна. Мөн Венус Уиллиамс өөрөө ногоон гэрэл унтрахаас өмнө уулзвар нэвтэрсэн гэж мэдүүлсэн хэдий ч яах аргагүй улаан гэрлээр орсон хэмээн гэрчүүд мэдээлж байгаа тул үүнийхээ төлөө хуулийн хариуцлага хүлээх магадлал өндөр байгаа юм. Венус Уильямс одоогоор ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээгээгүй байгаа бөгөөд хэрэг мөрдөн шалгах шатандаа явж байна.
Нэгэн цагт дэлхийн чансааг тэргүүлж явсан 36 настай теннисчин бүсгүй Венус Уильямс одоогоор 11-рт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд ирэх долоо хоногт Уимболдоны их дуулгад тоглохоор зэхэж байгаа юм. Түүний хувьд Их дуулгад нийт 7 удаа түрүүлснийхээ 5-г нь Уимболдоны талбайгаас авч байжээ.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |