Жон Терри энэ 7 хоногт шийдвэрээ гаргана
2017-06-30

 

 

Челси клубын  ахлагч Жон Терри энэ 7 хоногт цаашид хөлбөмбөгөө үргэлжлүүлэн тоглох эсвэл зодог тайлах эсэхээ шийднэ гэж Британийн хэвлэлүүд бичиж байна. Түүний Челситэй байгуулсан гэрээ энэ 7 хоногоор дуусч байгаа бөгөөд 36 настай хамгаалагч Астон Вилла багт нэгдэж магадгүй юм.  Вилла түүнд нэг жилийн гэрээ санал болгоод байгаа. Тэднээс гадна Бирмингэм сити, Суонси Сити, Борнмут , Стөүк багуудын төлөөлөгчид Территэй холбогджээ. Челсид 14 насандаа нэгдэж баруун Лондонд 22 жилийг өнгөрүүлэхдээ багийнхаа хамтаар премьер лигт 5, аваргуудын лигт 1, ФА цомд 5 удаа түрүүлсэн цэнхэрүүдийн домогт тоглогч  Виллад нэгдвэл ирэх улирал чэмпионшип буюу Английн 2-р лигт тоглох юм. Вилла өнгөрөгч  улирал хүснэгтийн 13-т  бичигдсэн билээ. Британийн " ДэйлиМэйл" цахим хуудас Терри Виллад нэгдэж, дасгалжуулагч Стив Брюсийн удирдлага дор тоглох магадлал өндөр гэдгийг онцоллоо. Тэд саяхан хамтдаа гольф тогложээ. Гэхдээ Террид өөр сонголтууд бий. Тэрээр  зодог тайлж дасгалжуулагчийн карьераа эхлүүлэх эсвэл Англи оддын замналаар АНУ-д ч тоглох боломжтой юм.

 

Б. Энх- Амгалан

 

 

 

Shuud.mn
Сонин хачин