Дархан Гарьд хүчээ сэлбэлээ
2017-06-30

 

Монголын сагсан бөмбөгийн ертөнцөд чөлөөт агентын зах зээлд Дархан Гарьд хамгийн шилдэг нь байлаа. Тэд энэ улирал плэй оффын тоглолтонд Этүгэн Ирвэсүүдэд харамсалтай ялагдал хүлээснийхээ дараахан багтаа шинэчлэл хийх алхамыг маш хурдацтай хийсэн байна. Тодруулбал багийн ахлах дасгалжуулагч Ү. Давхарбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлж Германд сагсан бөмбөгийн дасгалжуулагчаар сураад ирсэн Ч. Ижилболдыг багийн уураг тархиараа сонгосон байна.

 

Үүний дээр лигийн шилдэг шидэгчдийн нэг Ц. Азбаяр, өнгөрсөн улирлын шилдэг шинэ тоглогч О. Эрдэнэцогт, ШУТИС-Акулууд багийн холбогч М. Тэлмэн, өнгөрсөн улирлын шилдэг шинэ тоглогчийн шагналд хоёрдугаар байранд орсон ШУТИС-Акулууд багийн хүчний довтлогч Ц. Отгонжаргал, Хангарьд багийн шилдэг тоглогчдын нэг, Сити академийн тамирчин Б. Болдбаатар нарыг өөрсдийн эгнээнд нэгтгэлээ. Ойрын эх сурвалжийн мэдээллээр тус тоглогчид Гарьдуудтай 4 жилийн гэрээ байгуулсан бөгөөд эхний гурван жил нь баталгаатай, харин сүүлийн нэг жил нь тоглогчийн мэдэлд буюу цуцлах, сунгах нь өөрийн мэдэлд гэсэн заалттай юм байна.

 

Харин хуучин бүрэлдэхүүнээс багийн цөм болох бидний мэдэх Уугаа, Болдоо, Нямбаяр, Дорждагва, Энхтүвшин, Алтаншагай, Тэмүүжин нарын тоглогчид нь багтаа үлдсэн мэдээлэлтэй байна.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин