Фил Жэксон халагдаж болзошгүй
2017-06-28

 

Нью Иорк Никс багийн сагсан бөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан албаны дарга Фил Жэксон үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж болзошгүй талаар Адриан Вожнаровски мэдээлж байна. Тэрээр нэгдсэн улсын орон нутгийн цагаар Лхагва гараг гэхэд энэ талаар зарлаж болзошгүй талаар дурьдлаа. Тодруулбал багийн эзэн Жэймс Долан энэ талаар нухацтай авч үзэж байгаа гэнэ. Долан нь 2016-2017 оны улирлын дараагаар буюу яг одоогийн байдлаар гэрээг цуцлах бүрэн чадамжтай нэгэн юм.

 

2014 онд 60 сая ам.долларын гэрээгээр Никсийн сагсан бөмбөгийн ирээдүйг тодорхойлохоор ирсэн Фил Жэксон сүүлийн үед хөгжөөн дэмжигчдийн хамгийн дургүй хүмүүсийн нэг болоод байгаа юм. Сүүлийн хэдэн сарын турш Кармэло Энтониг багаас явуулахыг завдаж байсныг багийн үнэнч хөгжөөн дэмжигчид тэвчиж байсан. Гэтэл багийн ирээдүй гэгдэж байсан Кристапс Порзингистой улирлын сүүл хэсэгт таагүй харилцаатай гэдэг нь мөн илрээд амжсан. Юу вэ гэхээр, улирлын дараа багийн хамгийн сүүлийн цугларалт, ярилцлагын үеэр Латви залуу Порзингис багтайгаа нэгдээгүйн дээр бэлтгэлд хамрагдалгүй шууд эх орноо зорьж амралтаа авсан. Үүнтэй нь холбоотойгоор түүнийг тохирсон санал ирвэл сольж болно гэж Фил Жэксон ам нээгээд амжсан билээ. Драфтын өмнөхөн Латви эрийг Бостон Сэлтикс рүү золтой л явуулчихаагүй гээд Никсийн драма үргэлжилж байгаа.

 

Мухардалд ороод байгаа Никсийн удирлагуудад Мэлог явуулах гэхээр түүний гэрээнд тусгагдсан “солилцоонд орох эсэхээ зөвхөн өөрөө шийднэ” гэсэн заалт харшилж байгаа юм. Харин Мэло өөрийн эхнэр Ла Ла болон 10 настай хүү нь Нью Иоркод амьдрах сонирхолтой байгаа учраас ямар нэг байдлаар өөр багруу явах хүсэлгүй байгаа талаар ойрын эх сурвалжууд өнөө өглөө мэдээллэсэн.  

 

Ингээд Доланд хөгжөөн дэмжигчдийн унтууцлыг дарах, үүсээд буй хурцадмал байдлыг зөөлрүүлэх хамгийн боломжит хувилбар нь энэ байж болох юм.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин