Залуучуудын шигшээ баг легионеруудыг хожлоо
2017-06-28

 

Азийн 23 хүртэлх насны АШТ-ийг зорих гэж байгаа Монголын залуучуудын шигшээ баг өчигдөр Хүрхрээ лигт тоголж байгаа легионеруудаас бүрдсэн багийн эсрэг нөхөрсөг тоглолт хийж, бэлтгэлжилт хэр байгааг үзэгчдэд толилууллаа. Тоглолтын эхний хагаст залуучуудын футзалын  шигшээ багт багтаж Азийн АШТ-ий шилдэг найман багт үлдсэн А. Тэмүүжин хаалганы шон онож үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлээд амжсан. Гэхдээ харамсалтай нь үүнээс өөр гоолын боломжийг хоёр баг аль аль нь гаргаагүй.

 

Ингээд эхний 45 минут өндөрлөсөн юм. Харин тоглолтын хоёрдугаар үе арай өөр дүр зурагтай өрнөв. 70 дахь минутанд Улаанбаатар Сити клубийн тамирчин Б. Цэрэнбаяр эсрэг багийн хаалгыг мялааж, тоглолтын салхийг хагласан. Харин үүнээс хойшхи найман минутанд Пушкаш академийн Г. Ганбаяр хоёр гоол оруулж Монголын залуучуудын шигшээ баг ялалтаа баталгаажуулсан. Эцсийн үр дүн 3:0. Монголын баг легионеруудыг буулган авлаа. Майкл Вайсаар удирдуулсан Монголын залуучуудын шигшээ баг ямартай ч бэлтгэлжилт сайн байгаагаа уг тоглолтоор харууллаа. Одоо тэднийг Азийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна.

 

Б. Энх-Амгалан

 

Shuud.mn
Сонин хачин