АНУ-ын сагсанбөмбөгийн шигшээ багийг Грег Попович удирдахаар болсон. Гэхдээ түүнийг ажлаа хүлээн авахаас өмнө тус баг хэд хэдэн тоглолт хийх хуваарьтай байгаа. Тэд энэ оны 11 дүгээр сараас эхлэн 2019 оны Сагсанбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудаа хийх юм. АНУ-ын баг ДАШТ-ий урьдчилсан шатны Америкийн бүсийн “C” хэсэгт багтсан бөгөөд Куба, Мексик , Пуэрто Рико улсын багтай өрсөлдөх сугалаа татсан.
Тэгвэл энэ тоглолтуудад тус багийг туршлагатай дасгалжуулагч Жэфф ван Ганди удирдах болжээ. 11 жил NBA-д ахлах дасгалжуулагчийн ажил хийсэн тэрбээр өдгөө ESPN телевизэд аналистаар ажиллаж байгаа юм.
Жэфф ойрын хэдэн сарын хугацааг тун завгүй өнгөрүүлэх бөгөөд шигшээ багийн шинэ тоглогчдыг цуглуулах ажлаа эхлүүлэх юм. Учир нь түүнд NBA-с тоглогч авах ямар ч боломж гарахгүй бөгөөд NBA-н хөгжлийн лиг болон хилийн чанадад тоглож байгаа АНУ-ын тамирчдаас багаа бүрдүүлэх боломжтой аж. Тэрбээр 2007 оноос хойш анх удаа сагсанбөмбөгийн дасгалжуулагчийн ажлыг хийх гэж байгаа нь энэ юм.
Г.Баяраа
Уншиж байна |