Өнгөрсөн амралтын өдрүүдэд Формула нэгийн Азербайжаны гранпри тун сонирхолтой болж өндөрлөлөө. Алонсо- Хамилтоны мөргөлдөөн, Финляндын нисгэгчдийн шүргэлцээн, нэг багийн залуусын хийсэн осол гээд олон талаараа сонирхолтой үргэлжилсэн тус уралдааны тэргүүн байрыг Австралийн Даниель Риккардо (Рэд булл) эзэлсэн бол Финляндын Вальтери Боттас (Мерседес) удаалсан юм. Харин энэ уралдааны III байрыг Канадын тамирчин Лэнс Стролл эзэллээ. Ердөө 18 настай Канад залууг Уильямс багийн шинэ гишүүн гэдгээс өөрөөр мэдэх хүн тун цөөхөн байдаг бол Азербайжанд шагналын тавцанд зогссоноос хойш түүнийг сонирхох хүмүүс илт олшроод байна.
Лэнс Стролл 1998 оны 10-р сарын 29-нд Канадын Куэбек хотод төржээ. Түүний аав Еврей хүн бөгөөд Канадад санхүү, хөрөнгө оруулалтын бизнес эрхэлж, нөлөөгөө тогтоож чадсан тэрбумтан юм. Түүний хөрөнгө ойроцоогоор 2.4 тэрбум долларт хүрдэг бөгөөд Форбс сэтгүүлээс гаргасан 2016 оны Дэлхийн тэрбумтнууд жагсаалтын 722 дугаар байранд бичигдсэн юм.
Багаасаа санхүү, мөнгөний асуудалтай тулгарч үзээгүй Стролл өөрийн сонирхолыг хөөж, картингаар хичээллэж эхэлсэн нь мэргэжлийн тамирчин болох суурь нь болж, улмаар Ферраригийн академид боловсрол эзэмшиж зарим мэргэжлийн багуудтай гэрээ байгуулсан юм. Ингээд тэрбээр 2014 оноос доод ангилалд өрсөлдөж эхэлсэн байна.
Түүний эхний уралдаан нь Италийн Формула 4 ангиллын уралдаан байсан бөгөөд эхний жилдээ аварга болж чадсан юм. Харин 2015 онд тэрбээр Тоёота Рэсинг цуврал уралдаанд оролцож мөн л тэргүүн байрыг эзэлсэн байна. Жил ирэх бүр амжилтаа ахиулж байсан тэрбээр 2016 онд Европын Формула 3 ангилалд ялалт байгуулснаар 3 жил дараалан 3 өөр ангилалд түрүүлсэн цөөхөн хэдэн нисгэгчдийн тоонд багтдсан юм.
Амжилтаа ахиулсаар байсан Стролл өнгөрсөн өвөл Их Британийн Уильямс багт нэгдэж, дээд ангилалд өрсөлдөх эрхтэй болсон юм. Энэ багт орохын тулд Стролл багагүй хэмжээний мөнгө төлсөн гэх яриа байдаг ч энэ талаар батлагдсан зүйл үгүй.
Баку хотын уралдаанд өндөр амжилт үзүүлсэн түүний хувьд хамгийн залуудаа шагналын тавцанд гарсан тамирчин болон түүхэнд нэрээ үлдээсэн юм.
Г.Баяраа
Уншиж байна |