Нью Иорк хот, пүрэв гаригийн өглөөний 9 цаг. Дюкийн их сургуулийн од байсан Жэйсон Татум аавынхаа хаалгыг багагүй түгшсэн байдалтай цохиж байв. Тэрээр амьдралынхаа хамгийн том үйл явдал тохиох өдрийн өмнө ирээд байна. Тиймдээ ч ааваасаа хэд хэдэн зүйлийг асуухаар ирсэн нь энэ юм. Драфтын үеэр түүний нэрийг лигийн коммисар дуудах үед НБА-ын босс Адам Силвэрийн гарыг хэрхэн барих, хэдэн удаа сэгсрэх, баярласан сэтгэл хөдлөлөө яаж илэрхийлэх, аав ээж хоёрынхоо хэнийг нь эхлээд тэвэрвэл зохилтой, сэтгэл хөдлөлөөсөө болоод уйлчихвал яах бол гэх мэт тулгамдсан асуудлуудад хариулт авахаар ийнхүү аавыгаа зорьжээ.
“Хүссэнээрээ уйлж болно. Энэ чинь чиний өдөр шүү дээ. Чи энэ өдрийн төлөө 19 жил өөрийгөө зориулсан.” гэж Жастин Татум хүүдээ хэлэв.
Харин Пүрэв гарагийн үдэш Маркэлл Фүлтз, Лонзо Болл нар эхний хоёр сонголтоор тус тусын багтаа очлоо. Харин манай гол баатар ИСПН-ий камерууд түүн дээр бүгд гол анхаарлаа хандуулах хүртэл өөрийг нь Бостон Сэлтикс гурав дахь сонголтоор сонгосон гэдгийг анзаараагүй байлаа. Ингээд түүний цаг ирлээ. Тэр “Бостоны Кельт” боллоо. Яг л гэр бүлтэйгээ суугаад найдлага тавин төсөөлж байсан шиг ээ.
“Амьдралынхаа дараагийн үе шатыг нээж, өөрийнхөө гэр орон гэж нэрлэх хоттой, газартай болж байгаагаа мэдэх мөч хамгийн гайхалтай мэдрэмжийг өгдөг юм байна. Тэр газар нь Бостон байгаад бүр ч их олзуурхаж байна” хэмээн шинэхэн ногоон малгайгаа өмсөж тайзан дээр зогсох үедээ тэр хэлэв.
Татум нь өнгөрсөн улиралд Дюкийн бүрэлдэхүүнд 19.8 оноо, 7.3 самбар, 2.1 ашигтай дамжуулалт дунджилсан нэгэн юм. Хамгаалалт довтолгооны бүх хэсэгт зохицож чадах олон талт, уян хатан тоглолттой, тэсрэлттэй довтлогч маань дасгалжуулагч Брэд Стивэнсийн хурдан шилжилттэй довтолгоонд төгс зохицох нь ойлгомжтой.
“Тэр бол маш чадварлаг тоглогч, авьяаслаг оноо түүгч. Гайхалтай хөдөлмөрч хүүхэд. Түүнийг манай нэг хэсэг болсонд бид үнэхээр баяртай байна. Түүнийг ямар ч тоглогчидтой хамт, ямар ч байрлалд тоголж чадна гэж бид бодож байгаа. Байрлал тоглолтонд төдийлэн хамаарахаа болиод байгаа энэ лигт, энэ цаг үед түүн шиг тоглогчид маш их үнэ цэнэтэй.” хэмээн Бостон Сэлтиксийн дасгалжуулагч Брэд Стивэнс дурьдсан байна.
Угтаа бол Бостон Сэлтикс драфтын нэгдүгээр сонголтоор Вашингтоны их сургуулийн холбогч Маркэлл Фүлтзийг сонгох байсан. Хүн бүр тэгж л таамаглаж байлаа.
Харин өнгөрөгч Бямба гарагт Сэлтиксийн сагсан бөмбөг хариуцсан үйл ажиллагаа хариуцсан албаны дарга Дэнни Эйнж энэ эрхээ Филаделфи 76 багтай сольсон нь НБА-г донсолгоод амжсан.
Энэ мэдээ гармагц Дюкийн “Цэнхэр Чөтгөрүүд”-ийн дасгалжуулагч Майк Шишевски Татумыг дуудаад Сэлтикс түүнийг багийнхаа бэлтгэл дээр харах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн талаар ам нээжээ. 2010 оны үндэсний аваргын тоглолтыг оролцуулаад багагүй хугацаанд Шишевски болон Брэд Стивэнс нар нэгнээ мэдэлцэх болсон юм. Тиймдээ ч “дасгалжуулагч К” өөрийнхөө шавьд Брэд Стивэнсийн талаар толгойг нь эргэтэл ярьсан байна.
Ингээд хэдий өвчтэй байсан ч гэсэн Татум даваа гарагт зарлагдсан Сэлтиксийн бэлтгэл дээр очиж, дуусан дуустал нь өөрийгөө дайчилсан байна.
Харин бэлтгэлд оролцсон талаар “Тэр өөрийгөө харуулах гэсэн оролдлогоо огт болиогүй. Тэр маш өндөр хэмнэлтэйгээр тоголж байлаа. Хэдий шидэлтээ алдаж байсан ч гэсэн дараагийн шидэлтээ хийнэ гэсэн шийдэмгий байдлаа огт алдаагүй” хэмээн Брэд Стивэнс сэтгүүлчдэд ярьсан юм.
Маргааш нь Дэнни Эйнж тэдэнд нэгдүгээр сонголтоор ч сонгож болох тоглогч гуравдугаар сонголтоор ирэх боломжтой байгаа нь сайн хэрэг хэмээн ам нээгээд амжсан билээ.
Шишевскигийн баталсан яриа, хүүгийнхээ Бостон Сэлтиксийн нэг өдрийн бэлтгэлд хамрагдсан зэргийн дараа Жастин Татумын гэр бүлд бүх зүйл тодорхой болж эхэлсэн юм. Гэр бүлийнхэн хүүгээ Кельтүүдийн нэг болгохыг хүсэж эхэлжээ.
“Хүүд маань сурах зүйл их бий. Тэр сагсан бөмбөгийг аяга таваг угаагч порлон усыг шингээж авдаг шиг л алхам тутамдаа суралцаж байгаа. Брэд Стивэнс бол түүнийг тоглолт бүрт, бэлтгэл болгонд сорьж, ахиулж чадах нэгэн. Брэдийн хараа хяналт дор хүү маань илүү сайн тоглогч болж чадна. Хүүгийн минь авьяас бодит байдал дээр тоглолтонд нөлөөлөхийг харах боломжтой болно гэж бодож байна.” хэмээн Жэйсон Татумын аав Жастин Татум нэгэн ярилцлагатаа дурьдсан байна.
Дюкийн Их Сургуулийн туслах дасгалжуулагч Жон Шайэр ч Татумыг хамгийн зөв газраа очих гэж байгаа талаар ярьсан байдаг.
“Миний бодлоор Жэйсон тэнд гайхалтай зохицоно. Тэр бол дасгалжуулахад хамгийн амар тоглогч. Түүнийг бэлтгэлээр яаж ч шахаж болно. Тэр цаг ямагт агуу нэгэн болохыг хүсдэг. Тиймээс Брэд Стивэнс дасгалжуулагч болон түүний бүрдүүлсэн дасгалжуулагчдын багийн удирдлага дор Жэйсон удахгүй сүпер од болох болно” гэж онцолсон юм.
Жэйсон ч гэсэн өнгөрсөн улирлын бүсийн шигшээ хүртэл явсан багтай хурдан нэгдэж, өөрийгөө харуулах боломжийг тэсэн ядан хүлээж байгаа гэнэ. Тэрээр Бостон Сэлтикст тоглох талаар “Намайг яаж удирдан залахаа мэдэж байгаа олон хүнтэй, нэгэнт тогтсон системтэй багт тоголж, илүү ихийг мэдэх боломж олдоно гэдэг гайхалтай хэрэг биш гэж үү. Дасгалжуулагч Брэд Стивэнс, Азаиа Томас хоёроор тогтохгүй багийнхнаасаа шинэ зүйлс сурах боломжийг тэсэн ядан хүлээж байна.” гэжээ.
Эдгээрээс гадна “ Түүнд бүхнийг сургах Азаиа Жэй Краудэр нарын лидерүүд байгаа нь Жэйсоныг сайжрахад хамгийн хурдан тус болох зүйл. Тэд түүнийг цаг ямагт ахиж давшихийг шаардах болно. Өөрсөддөө юугаар тус болж чадахыг нь амархан ойлгуулах байх. Харин нэгэнт өөрийнхөө орон зайг олчих юм бол хүү маань жинхэнэ зогсоохын аргагүй тоглогч болох болно” гэж хүүгийнхээ шинэ багийнхний болон Жэйсоний талаар Жастин Татум ярьсан юм.
Ингээд Пүрэв гаригт түүний нэрийг зарлах үед тэрээр эцэг эх хоёроо, өөрийнхөө төлөөлөгчийг, эмээ нараа гээд ойр тойрмын бүх хүнээ тэврээд тайзан дээр гарлаа. Шинэ ногоон малгайгаа өмсөн зогсов. Хэсэг хугацаанд үргэлжилсэн тайзан дээрх яриа, сэтгэл хөдлөлийн илэрхийлэл зэргийн дараа тэр гэр бүлийнхэн болон ойр дотныхны хамтаар Манхаттэнд баярын зоог барьсан байна. Харин энэ зуураа хэдийнэ Баасан гаригт Бостон хотруу нисэх тийз захиалж, амьдралынхаа шинэ аялалд бэлдэж эхэллээ.
Бостонг зорих болсон талаараа “Төсөөлж байсан шиг маань онцгой мэдрэмж өглөө. Гэхдээ одоо бүр ч их зүйл миний өмнө байна” гэж хэлэв.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |