Манай улсын данс “улайсан” тухай их, багагүй ярьж байна. Учир нь төсвийн байгууллагынхны цалинг аргацаасхийж тавьж байгаа гэх нь ч бас бий. Гэвч эдийн засгийн нөхцөл байдалтайгаа уялдан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх, нэн тэргүүнд шаардлагатай байгаа бүтээн байгуулалтууд царцаагүй гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, зайлшгүй шаардлагатай ажлуудыг зогсоохгүйгээр үргэлжлүүлж буй. Энэ оны төсвийн тодотголд нийт 563.7 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгасан. Үүнээс төсвийн хөрөнгө оруулалтаар 333 төсөлд 492.8 тэрбумыг төсөвлөжээ. Харин концессийн гэрээгээр 70.9 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн аж. Ингэснээр энэ ондоо багтаан дээрх ажлын 80 орчим хувь нь ашиглалтад орно хэмээн Сангийн яамнаас мэдээлэв. Тухайлбал, нийслэлийн төв цэвэрлэх байгууламж, Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах, Эрдэнэт хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, Сумын төвийн шинэчлэл хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусах юм.
Ер нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэх бүтээн байгуулалтыг салбараар нь эрэмбэлсэн байна. Жишээлбэл, зам тээвэр, соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, хөдөө аж ахуй, хөдөлмөр нийгмийн хамгаалалын салбарт зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж буй.
Бид дэд бүтцээ сайжруулснаар эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөг өсгөж байгаа тухай ярьдаг. Тиймээс аймгуудаа нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажлыг эхлүүлсэн. Эл ажлыг үргэлжлүүлэн баруун бүсийн босоо тэнхлэгийн 103.3 км хатуу хучилттай авто зам, Манхан-Ховдын 85.3 км, Өлгий-Хашаатын давааны 60 км авто замыг барьж дуусгах ажлыг үргэлжлүүлж байна. Мөн Дорноговь аймагт Бүс нутгийн логистикийн төвийг хөгжүүлэх төсөл, Мандалговь-Даланзадгад чиглэлийн 169.5 км автозам, Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км автозам, Элсэн тасархай Хархорины Орхоны гүүр чиглэлийн 77 км хатуу хучилттай автозамын шинэчлэлийн ажлуудыг хийж дуусгах юм байна. Түүнчлэн аймаг, нийслэлд нийт 20 сургууль, есөн цэцэрлэг, долоон дотуур байр, таван спорт заалны барилга байгууламж ашиглалтад орно хэмээн Сангийн яамны цахим хуудаст тэмдэглэсэн байв.
Төсвийн хөрөнгөөр барих бүтээн байгуулалтын ажилд эрчим хүчний салбар түүчээлж байна. Өөрөөр хэлбэл, Баруун-Урт-Асгат-Эрдэнэцагааны 35 кВ-ын 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц өргөтгөл, томоохон баг, суурин газруудыг эрчим хүчээр хангах, сумдын 0.4 кВ-ын шугамын өргөтгөл, шинэчлэлт, эрчим хүчний дулааны төв магистраль шугамын шинэчлэлт, их засвар, өргөтгөл, Дарханы дулааны цахилгаан станцын техникийн шинэчлэлийн ажлууд энэ жилдээ багтан дуусах аж. Түүнээс гадна хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэх хөрөнгийг шийдвэрлэхээр төсөвт тусгажээ. Өөрөөр хэлбэл, “Атрын III аян”-ыг үргэлжлүүлэх, “Мах, сүүний аян”-ыг эхлүүлэхэд 20 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
Энэ жилийн хувьд нэн тэргүүнд тулгамдсан ажлаа хийж гүйцэтгэх ажлыг эрэмбэлэн түүнд шаардлагатай хөрөнгө оруулалтыг таслалгүй ажлаа гүйцэтгэж байгааг албаныхан онцолж байгаа юм. Харин ирэх жилийн тухайд өмнөх жилүүдэд эхлүүлсэн ажлаа дуусгах, хэрэгжиж байгаагийнх нь гүйцэтгэл болон үр ашгийг сайжруулах зэрэг асуудлыг 2018 оны төсвийн төсөлд тусгасан байна. Ингэхдээ өмнөх жилүүдэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгаад орхигдсон ажлуудыг санхүүжүүлж дуусгах, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд жил бүр зайлшгүй хийх их засвар, засвар үйлчилгээний зардлыг тусгах зарчмыг баримталж байгаа ажээ.
Д.ЧИМЭГ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Уншиж байна |