Төрсний дараах амралттай байсан теннисчин бүсгүй Викториа Азаренко талбайдаа эргэн ирлээ.
Мягмар гарагт эхэлж өчигдөр өндөрлөсөн Маллоркогийн нээлттэй тэмцээнд тэрбээр дэлхийн чансааны 74 дүгээр байранд эрэмбэлэгдсэн Риса Озакитай тоглосон. Тус тоглолт 3 үеийн турш үргэлжилж 6:3 4:6 7:6 гэсэн онооны харьцаатайгаар Беларус бүсгүйн ялалтаар төгсөв. Тоглолтын үеэр талбайгаас багагүй хугацаанд хөндийрсөн Азаренка өрсөлдөгч тамирчнаасаа олон оноогоор давуу эхлүүлсэн боловч үе болгоны төгсгөлд өөрийн анхаарлаа төвлөрүүлж чадалгүй хүндхэн төгсгөлтэй нүүр тулж байсан юм.
“Би тоглолтыг маш сайн эхлүүлсэн боловч гэнэтхэн өөрийгөө алдчих шиг болсон нь эргээд намайг асуудалд оруулж байлаа. Би өөртөө итгэлтэй байдал, эрч хүчээ алдсан нь эсрэг тамирчинд маань сэргэлт авах боломж болсон гэж бодож байна” хэмээн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа Азаренко мэдэгдсэн юм.
Тэрбээр хоёрдугаар үеийг алдсаныхаа дараа завсарлага авч дасгалжуулагчаасаа зөвлөгөө авсан юм. Дасгалжуулагч нь ч түүнийг өөртөө итгэлтэй байхыг шаардаж, урмын үг ихээр хэлж байсан талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Тэгвэл Азаренко тэмцээний хоёрдугаар шатанд Ана Конюхтай тоглох юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |