Дахиад олон удаа хадаг сүүтэй угтуулаарай

Хоёр жилийн өмнө буюу 2015 оны долоодугаар сарын 5-нд бид түүнийг яг л өнөөдрийнх шиг хадаг сүү болон баярын халуун мэндчилгээтэй онгоцны буудлаас тосож байлаа.
ОХУ-д болсон дэлхийн урлагийн олимп хэмээгддэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын 15 дахь уралдаанд Монгол Улсын дуучин Ганбаатарын Ариунбаатар түрүүлж, монгол түмнээ баярлуулж байв. Дэлхийн 39 орны 500 гаруй авьяастан хоолойн цараа сорьсон уг уралдааны сүүлийн шатанд ОХУ, БНХАУ, БНСУ, Армен улсын дуучид тунан үлдэж, тэдний дундаас Монгол хүний хоолойн чадал, авьяас чадвар гоцлон онцгойрч дэлхийн урлагийн олимпид Г.Ариунбаатар тэргүүлсэн.
Ийнхүү тэрбээр Монголын сонгодог урлагт нэгэн шинэ хуудсыг нээж, шинэхэн түүхийг бичиж байв. Дөрвөн жил тутамд нэг удаа болдог П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн уралдааны гоцлол дуулаачийн төрөлд анх удаа Монгол Улсын дуучин тэргүүн байр эзэлж, алтан медаль гялалзуулсаар эх орон, ижий аавдаа ирж, элгэн садан нь түүнийг Чингис хаан олон улсын нисэх буудлаас хадаг сүүтэй угтсан цаг саяхан мэт санагдаж байна.
Тэгвэл тун саяхан тэрбээр дахин дэлхийн дуурийн урлагт “Монгол” гэж тодоор тамгалсан амжилт гаргаж, өнөө өглөө /2017.06.22/ эх орондоо ирлээ. Бахархалт хүүгээ ижий аав, элгэн түмэн нь нөгөө л янзаараа хадаг сүүтэй, халуун дотно угтаж авсан юм.
Их Британийн Кардифф хотноо 2017 оны “BBC Cardiff Singer of the World” уралдаан өнгөрсөн өдрүүдэд болж өндөрлөсөн. Британийн “BBC” агентлагаас зохион байгуулдаг олон улсын дуурийн дуучдын энэхүү уралдааны шилдэг 20-д УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал, ОХУ-ын "Марийнский" театрын гоцлол дуучин МУГЖ Г.Ариунбаатар нар шалгаран үлдээд байсан.
МУГЖ Г.Ариунбаатар тус тэмцээнд хоёр төрлөөр оролцсон. Тэрбээр “BBC Cardiff Singer of the World” тэмцээний романсын төрөлд тэргүүн байр эзэлж, ари төрөлд дэлхийн шилдэг таван дуучны нэгээр шалгарсан билээ.
Уралдааны финалд Чингис хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар нийт гурван дуу дараалан дуулснаас хамгийн сүүлд Чингис хаан одонт, МУУГЗ, Төрийн шагналт Б.Шаравын хөгжим, МУУГЗ З.Түмэнжаргалын шүлэг "Монголын тал нутаг" дууг дуулсан нь монголын ард түмний цөсийг хөөргөсөн бол танхимд цугларсан дэлхийн уран бүтээлчдийг ч омогшуулж чадсан. Тус уралдааны зөвлөх (vocal expert) Mary King нулимс дуслуулан, дуучны авьяас чадварыг шагшин магтав. Мөн энэхүү дууны аялгууг шагшин магтаж, “BBC” телевизийн хөтлөгч нулимс дуслуулсан тухай МУГЖ Г.Ариунбаатар хэлсэн.
Энэ тухай МУГЖ Г.Ариунбаатар “Миний хувьд дэлхийн тайзан дээр энэ агуу хөгжмийн зохиолчдын бүтээлийг эгшиглүүлэх юмсан гэсэн мөрөөдөл байсан. Том зориг гаргаж, Монгол сонгодог бүтээлээр хаасан. Дэлхийн сонгодог бол олон сая хүмүүсийг уйлуулдаг, уяраадаг гайхамшигтай бүтээл байдаг. Тэгвэл Монгол Улс бас сонгодог урлагтай, бид юм бүтээдэг хүмүүс шүү гэдгийг харуулахыг хичээж, тэмцээндээ оролцлоо. Үзэгчид ч маш сайхан хүлээж авсан” хэмээлээ.
Дэлхийн сонгодог урлагийн тэмцээний финалын шатанд монгол дуу дуулагдсан анхны тохиолдол энэ байлаа.
Ингэж л Г.Ариунбаатар гэх эрхэм хөвгүүн ард түмнээ дахин баярлуулсан амжилттайгаар эх орондоо ирлээ. Дахиад олон олон удаа хадаг сүүтэй угтуулах биз ээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ