Чикаго Буллзтай хоёр жилийн гэрээ байгуулсан Дүэйн Вэйд энэ зуны шийдвэрээ гаргалаа. Өдгөө 35 настай тоглогч өөрийн мэдлийн нэг жилээ хадгалж үлдэн, Чикаго хотод дахин нэг жилийг үдэхээр болж байна. 24 саяын цалинг авч байгаа нь түүнд өөр газар олдохгүй үнийн санал юм. Гурван удаагийн НБА-ын аварга, шигшээ цувралын хамгийн үнэ цэнэтэй тоглогч гээд түүнд хүрээгүй оргил байхгүй. Тиймээс замналынхаа сүүлийн жилүүдэд амжилтын хойноос биш мөнгөний хойноос явж байгаа нь ойлгомжтой юм. Энэ нь харин Батлэрийг хүртэл явуулахдаа тулж, сэргээн босголтын замыг сонгоод байгаа багийн удирдлагуудад таагүй мэдээ болж байна. Энэ жилийн эхээр багийн удирдлагуудтайгаа үг сөрж, хэвлэл мэдээллийн бай болоод амжсан тоглогчид 24 саяыг өгөөд зүгээр алдана гэдэг таатай зүйл биш нь ойлгомжтой. Тоглолтын амжилт нь уруудаж яваа тоглогч ямартай ч төрөлх хотдоо замналаа дуусгах хүсэлтэй байх шиг.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |