Кайл Лаури энэ жил чөлөөт болж байгаа билээ. Тэгвэл бүх одод холбон тоглогчийн багтаа үлдэх нь 2014 онд Торонто Рэпторс түүнийг авч үлдэж байснаас төвөгтэй байх бололтой. Лаури нь сүүлийн хэдэн сарын турш Торонтод байх таалагдахгүй байгаа талаар яншиж байгаа билээ. Энэ талаар ойрын эх сурвалжууд удаа дарааллан мэдээлж байсан. Тэгвэл түүнийг Торонтод тоглох ямар ч хүсэлгүй болсон бөгөөд энэ зун багаа орхих бодолтой байгаа талаар ойрын эх сурвалжууд жиг жуг хийж эхэлсэн байна. Өмнө нь 5 сарын дундуур өөрөө ч ам нээж байсан удаатай. Үүнээс нь улбаалан багийн удирдлагууд түүнд таагүй хандах болсон. Тэгвэл түүнийг чөлөөт агентаас авах боломжтой гэгдэж байсан багууд түүнийг төдийлөн сонирхохгүй байгаа нь Лауригийн талд байдлыг мухар гудамж руу түлхсэн зүйл болоод байна. Тодруулбал Торонто Рэпторс түүнд таван жилийн гэрээ санал болгох зорилтгүй байгаа юм. Мөн Сан Антонио Спөрс Крис Полд гол анхаарлаа хандуулж байгаа нь адилхан байрлалд тоголдог Лауригийн боломжийг шагай хаяад онх буухтай адил болгож байна. Мөн холбогч авна гэж байсан Филаделфи 76 баг Бостонтой драфтын эрхээ наймаалцсанаар Вашингтоны их сургуулийн од холбогч Маркэлл Фүлтзийг авах боломжтой болсон. Энэ нь Лаурид мөнгө заралгүйгээр сайн холбон тоглогчтой болох боломжийг бүрдүүлсэн юм. Байдал эвгүйтсэнийг мэдэрсэн Лаури тэгвэл өнгөрсөн долоо хоногт “Би энэ хотод хайртай. Энэ хотын бүх зүйлд би дуртай. Торонто хот НБА-ын бусад багууд, бусад хотуудаас хамгийн шилдэг нь гэж боддог” хэмээн манжлаад амжсан. 7 сарын 1-ээс чөлөөт агэнтийн зах зээл нээгдмэгц Лаури хаашаа, ямар үнээр очих нь бүрхэг байна.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |