Чөлөөт бөхийн залуучуудын Азийн АШТ зургаадугаар сарын 15-18-нд Тайваний Тайжун хотод болж өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн 20, эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийн тэмцээнд Монгол, Иран, БНХАУ, БНСУ, Япон, Узбекистан, Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Энэтхэг, Саудын Араб, Сири, Сингапур, Тайвань, Тайланд, Мьянмар, Вьетнам гэсэн 18 орны 168 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр найман жинд өрсөлдөв.
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, спортын мастер Ё.Батдархан, Б.Идэрсайхан нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцсоноос хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл, нийт зургаан медальтай нутагтаа ирэхээр болсон юм.
Ингээд ямар ямар жинд медаль хүртсэнийг та бүхэнд танилцуулж байна. Эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Дархан-Уул аймгийн “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Н.Насанбуян, эмэгтэйчүүдийн 72 кг-д “Арслан” клубийн тамирчин Б.Цэцэгбаяр нар алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа Тайваний тэнгэрт эгшиглүүлсэн юм. Ингэснээр манай тамирчид залуучуудын Азийн аваргад түрүүлсэн Монголын 12, 13 дахь тамирчид болцгоожээ. Тэгвэл Эрэгтэйчүүдийн 120 кг-д үндэсний шигшээ баг, “Аварга” сургуулийн тамирчин М.Лхагвагэрэл мөнгө, 55 кг-д БТСДуС-ийн тамирчин Б.Ариунболд, 84 кг-д Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн тамирчин М.Цогтгэрэл, эмэгтэйчүүдийн 48 кг-д үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт хорооны тамирчин Б.Чимгээ хүрэл медаль хүртэв. Түүнчлэн манай дөрвөн бөх хүрэл медалийн төлөө барилдаж ялагдсан.
Харин багийн дүнгээр эрэгтэй баг тамирчид маань дөрөвдүгээр байранд оржээ.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |