Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж, Бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 12 хувь болгох, бодлогын хүүний корридорыг бодлогын хүүнээс +2, -2 нэгж хувийн өргөнөөр тэгш хэмтэйгээр шинэчлэн тогтоох шийдвэр гаргалаа.
Инфляци 2017 оны 5 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд жилийн 3.7 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд жилийн 3.8 хувьд хүрлээ. Инфляцийн өсөлтөд эдийн засгийн сэргэлтээс гадна нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс нөлөөлж байгаа ч дунд хугацаанд Төв банкны зорилтот түвшиний орчимд тогтворжихоор байна.
Өнгөрсөн оны сүүлийн хагасаас хэрэгжүүлсэн мөнгө, төсвийн бодлогын арга хэмжээ болон ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн нөлөөгөөр макро эдийн засгийн эрсдэл буурч, тодорхой бус байдал багасч, зах зээлд оролцогчдын итгэл сэргэж байна. Уул уурхайн салбарын үйлдвэрлэл, бүтээн байгуулалт эрчимжиж, гадаад худалдааны нөхцөл сайжирсан, богино хугацаат гадаад өрийн эргэн төлөлтийн дарамт буурч байгаа зэрэг нь эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэхээр байгаа бөгөөд уул уурхайгаас хамаарал багатай салбаруудын өсөлтийг дэмжих шаардлагатай байна. Иймд инфляцийг дунд хугацаанд тогтворжуулах зорилт алдагдахааргүй байгаа тул мөнгөний бодлогыг зөөлрүүлэх энэхүү шийдвэр нь эдийн засгийн өсөлт, бизнесийн идэвхжил, ажил эрхлэлт, санхүүгийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлнэ.
Уншиж байна |