Мэргэжлийн боксын 79 кг-ын жингийн нэгэн сонирхолтой тулаан АНУ-д болох гэж байна. Энэ нь нутгийн боксчин Андре Вард, ОХУ-ын Сергей Ковалев нарын өрсөлдөөн байх юм. Улс төрийн түвшинд үргэлж өрсөлдөж байдаг тус 2 улсын тамирчид спортын салбарт ч хүчтэй өрсөлдөөнийг үзүүлдэг уламжлалтай. Вард, Ковалев нарын тулаан ч мөн үүнтэй байнга холбогдон яригддаг бөгөөд өнгөрсөн оны 11-р сард хоёр тамирчин нэг удаа тоглоход Америк эр оноогоор ялалт байгуулж байсан юм. Улмаар Вард WBA, IBF, WBO холбоодын аваргын бүсийг Орос эрээс салган авчээ.
2004 онд Афины олимпийн наадмаас алтан медаль хүртэж байсан Андре Вард тэр жилдээ мэргэжлийн рингэнд шилжсэн бөгөөд замналынхаа 13 жилд нийт 31 тулаан хийж, нэг ч удаа ялагдаагүй байгаа юм. Нийт тулааныхаа талыг хугацаанаас нь өмнө дуусгасан нь түүний чансааг илтгэх хангалттай нотолгоо болно.
Харин түүний өрсөлдөгч Ковалев 2009 онд дебютээ хийсэн ч 32 тулааныг аль хэдийнээ хийж 31-1 гэсэн амжилттай байгаа юм. Энэ удаад Ковалев өөрийн эзэмшиж байсан 3 бүсний төлөө дахин дайралт хийхээр боллоо. Тамирчид өчигдөр Лас Вегас хотод газардсан мэдээтэй байна. Тэд хуваарь ёсоор өнөөдөр сүүлийн хэвлэлийн бага хурлаа хийх бол маргааш жингийн үзлэгт орох юм.
Хоёр тамирчны тулаан энэ долоо хоногийн ням гарагт АНУ-ын Лас вегас хотод байрлах Мандалэй Бэй төвд болно.
Г.Баяраа
Уншиж байна |