Сагсан бөмбөгт улирал дууссаны дараа юу болдог вэ? Мэдээж багууд өөрсдийн алдаа дутагдлыг залруулахыг бодож, дараа улирлын бэлтгэлээ базаахаар нүүдэл суудал хийж эхэлдэг. Тэгвэл энэ зуны хувьд олон сүпер одод чөлөөт агэнт болж байгаа учраас шилжилт хөдөлгөөн ихтэй зун болох төлөвлөгөөтэй байгаа. Мэдээж хэрэг сүүлийн 10 жилд байгаагүй сайн драфт болно гэдэг нь бас л шилжилт хөдөлгөөнд нөлөөлнө. Залуу авьяастнуудаар ирээдүйд баг босгох нэгэн байхад, чөлөөт агэнт оддоор хүчээ зузаатгах, эсвэл хэн нэгэн од тоглогчийг солилцоогоор авч ирэх гээд их олон янзаар хүчээ зузаатгаж болох хувилбар бий. Тэгвэл энэ зуны чөлөөт агэнтийн зах зээлд хэд хэдэн сүпер оддын нэр байгаагийин нэг нь Юта Жаззын сүпер од Гордон Хэйвард. Түүний араас Маиами Хит, Бостон Сэлтикс гэсэн багууд анд гарсан. Ялангуяа Бостон Сэлтиксийн хувьд түүнийг авах хамгийн өндөр магадлалтай багуудын нэг. Учир нь Бостон Сэлтиксийн ахлах дасгалжуулагч Брэд Стивэнс нь Гордон Хэйвардтай нилээн эртний танилууд. Тодруулбал 2008-2010 оны улирлуудад Батлэрийн их сургуулийн од нь Гордон Хэйвард байсан бол тухайн үеийн ахлах дасгалжуулагч нь Брэд Стивэнс байсан юм.
Харин энэ нүүдэл болоход ойрхон болж буйг илтгэх зүйлс ойрын үед твиттэрт өрнөж байна. Та бүхний харж байгаачлан Бостон Сэлтиксийн талбайн жанжин Азаиа Томас инстаграмд саяхан Гордон Хэйвардыг дагасан байна.
НБА-д ихэвчлэн ойр дотно холбоотой байдаг хүмүүсээ л дагадаг түгээмэл хандлага байдаг. Бостонд ч гэсэн жижиг довтлогчийн байрлалд тоглох од тоглогч ус агаар шиг хэрэгтэй болсоор удаж байна. Ийм уялдаа холбоонууд байгаагийн дээр саяхан Гордон Хэйвардын эхнэр хүүхэддээ Бостонгийн билгэдлүүдийн нэг болох шамрок хэмээх ургамалтай төстэй зураг бүхий цамц өмсгөсөн дэлгүүр хэсч байсан нь гэрэл зурагт буужээ. Хэдийгээр хатагтай Хэйвард энэ зургаа төдий удалгүй устгасан боловч тэр доор нь хадгалж үлдсэн хүмүүс нэгээр тогтохгүй байсан бололтой.
Гордон Хэйвард Бостон хотод газардах болов уу?
Б.Энх-Амгалан
Уншиж байна |