Британийн боскын түүхэн дэх домгуудын нэг Эррол Кристи 53 насандаа таалал төгслөө. Тэрээр сүүлийн жилүүдэд уушгины хорт хавдрын эсрэг тэмцэлдэж байсан юм.
Тэрээр 1980-1983 оны хооронд Европын сонирхогчийн бокст Английн шигшээ багийг төлөөлж, өнгийг тодорхойлж байсан билээ. Улмаар 1983 онд Европын аварга болж байлаа. Мөн замналынхаа турш Европын сонирхогчийн рингэнд арван тулаанд ялсан амжилтаар гиннесийн номонд хүртэл нэрээ данслуулж байсан юм.
Түүний биед хавдрын 100 гаруй цулцан байсан бөгөөд амьдралынх нь эцсийн өдрүүд өвчин шаналалтайгаа тэмцэлдэж өнгөрүүлсэн хар бараан өдрүүд байлаа. Түүний талаар олон хүн эмгэнэл илэрхийлсний нэг нь Ирландын хөлбөмбөгчин Сайрус Кристи юм. Тэрээр өөрийн цусан төрлийнхний бахархал болсон боксчны талаар “Түүний биед хавдрын 100 хол давсан цулцан байсан. Ийм их хавдрын эсрэг түүн шиг удаан тэмцсэн хүнийг би лав мэдэхгүй. Тэр тийм л агуу тулаанч, тэмцэгч байлаа. Гэхдээ хавдрын цулцангууд түүний биеийг дийлэхэд хангалттай олуулаа байжээ. Түүнд удаан амьдрах хугацаа үлдээгүй байсныг мэдэж байсан учраас би түүн дээр очсон юм. Түүнтэй хамгийн сүүлийн удаа уулзаж болох боломж маань энэ байсан. Харин очиход маань тэр дахиж өвчнөө дийлэхгүй гэдгээ хэлсэн. Уг нь үргэлж л өөдрөг юм ярьдаг хүн байсансан. Харин энэ үгс амьдралдаа анх удаагаа түүний амнаас гарсан сөрөг үгс байсан юм. Гэр бүлийн маань хувьд нөхөж барашгүй гарз тохиосон ч гэсэн намайг маш сайн дэмжиж, сэтгэл санаагаар өргөж байгаа. Учир нь манай шигшээ багийн тоглолтууд, бэлтгэлүүд ямар чухал гэдгийг тэд мэдэж байгаа. Мэдээж хэрэг түүний туулж өнгөрүүлсэн замнал гайхалтай байсан. Миний хэзээ ч эвдэж чадахгүй олон рекордыг тэр эзэмшиж, тогтоож байлаа ” хэмээжээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |