Формула нэгийн ДАШТ-ий Канадын ГранПри өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөлөө. Энэ нь ДАШТ-ий энэ жилийн хуваарьт багтсан 20 ГранПригийн долоо дахь нь байсан юм. Сүүлийн 3 жилийн уралдаантай харьцуулахад энэ улиралд Мерседесийн эсрэг Италийн домогт баг сөрж гарч ирсэн нь өрсөлдөөнийг илүү сонирхолтой болгож байгаа нь нууц биш.
Авто тойруулга
Канадын Монреал хотноо орших Жиль Вильнёва авто тойруулага нь анх 1961 оноос эхлэн Формула 1-н хуваарьт багтаж эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш 1975, 1987, 2009 онуудад өнжиж байсан юм. Бүхэлдээ усаар хүрээлэгдэж, өндөр далангаар хамгаалагдсан энэ тойргуулга нийт 4.631 км урттай ч ердөө 13 эргэлттэй. Иймээс шулуун замын хурд гаргах боломж өндөрт тооцогддог. Тойргын дээд амжилтыг 2004 онд Бразилийн нэрт тамирчин Рубенс Баррикелло тогтоож байсан бөгөөд 1 мин 13.622 секунтын амжилт энэ жил ч мөн эвдэгдээгүй юм.
Байрлал тогтоох уралдаан
Бямба гарагт болсон байрлал тогтоох уралдаан уламжлал ёсоор Мерседес, Феррари багуудын өрсөлдөөнөөр үргэлжилсэн. Энэ удаад Британи нисгэгч Льюис Хамилтон ялалт байгуулж тэргүүн эгнээнээс гарсан бол араас нь Ферраригийн Себастиан Феттель орж, эхний энгээнд мөн гарах болзолыг хангасан юм. Харин 2 дахь энгээнд Вальтери Боттас, Кими Райконен нар 3 дахь эгнээд Рэд буллын хослол жагссан юм. Тэгвэл нэг нисгэгч питлэйнээс уралдааныг эхлүүлэх болсон нь Паскаль Вээрлайн байсан юм. Саубер багийн Герман нисгэгчийн хувьд хурдны хайрцагаа төлөвлөсөн хугацаанаас өмнө сольсон тул дүрмийн дагуу ийм эхлэлийг хийжээ.
Үндсэн уралдааны үр дүн
Байрлал тогтоох уралдааны ялагч Льюис Хамилтон уралдааны эхнээс тэргүүллийг авч чадсан. Учир нь Феррари багийн сайн гараа Канадад үргэлжлээгүй юм. Мөн Кими Райконений машинд бага зэрэг асуудал байгаа нь ч уралдааны үеэр мэдрэгдэж байлаа. Эхний тойрогт гарсан ослын улмаас 2 нисгэгч уралдааныг орхисон нь Фелипе Масса (Уильямс - Бразил), Карлос Сайнз Жуниор (Торо Россо - Испани) нар байсан юм. Энэ нисгэгчдээс гадна Нидерландын залуу авьяастан Макс Ферстаппен 10 дахь тойрогт уралдааныг орхисон юм. Рэд булл багийн гишүүн түүний машинд цахилгааны гэмтэл гарчээ. Мөн Торо Россо багийн Данийл Квят, МакЛарен багийн Фернандо Алонсо нарын машины хөдөлгүүрт гэмтэл гарч, ижил шалтгаанаар замаас гарчээ. Харин бусад нисгэгчид ямар нэг асуудалгүйгээр уралдаанаа дуусгасан. Уралдааны туршид Хамилтон тэргүүн байраа алдалгүй явсаар Канадын ГранПрид түрүүлсэн бол араас нь түүний багийн хамтрагч Вальтери Боттас, Рэд булл багийн Даниель Риккардо нар орж хамтдаа шагналын тавцанд гарсан юм. Австрали нисгэгч Риккардо энэ жил 3 дахь удаагаа дараалан шагналын тавцанд гарсан бөгөөд нутгийн уламжлалаар баяраа тэмдэглэж гуталдаа дарс хундагалан уужээ.
Харин дараагийн байруудад Себастиан Феттель, Серхио Перез, Эстебан Окон, Кими Райконен нар орж Канадын ГранПригээс оноо авсан байна. Дэлхийн 4 удаагийн аварга Герман эр энэ улиралд анх удаа шагналын тавцангаас мултарч байгаа нь энэ болжээ. Учир нь түүний машинд эвдрэл гарч, тооцоолоогүй питстопт орсон юм.
Харин ялагчаар тодорсон Хамилтонны хувьд Байрлал тогтоох уралдааны 65 дахь ялалтаа авснаар өөрийн шүтээн болсон айртон Сиеннагийн амжилттай зэрэгцжээ. Одоо түүний дээр 68 ялалттай Герман домог Шуми үлдсэн байна. Мөн тэрбээр Канадын ГранПрид 6 дахь удаагаа түрүүлснээр түүхэнд II байранд орох үзүүлэлтийн эзэн болжээ.
Нутгийн хүү
Энэ уралдааны үеэр хамгийн их анхаарал татаж байсан тамирчдын нэг нь Уильямс багийн шинэ гишүүн Лэнс Стролл байлаа. Канадын тэрбумтан Лоренс Строллын хүү улирлын эхний 6 уралдаанаас оноо авч амжаагүй байсан бол төрөлх хотдоо болсон уралдааны IX байрыг эзэлж, Формула нэгийн замналын анхны оноогоо авсан аж.
Хүснэгт
Нисгэгчдийн цомын хүснэгтэд том өөрчлөлт ороогүй ч тоон үзүүлэлт илүү сонирхолтой болж эхэллээ. С.Феттель 141 оноотой нисгэгчийн цомыг өнгөлж байгаа бол Хамилтон түүнээс 12 оноо дутуу дэд байранд бичигдэж эхэлжээ. Харин араас нь Вальтери Боттас (93), Кими Райконен(73) нарын Финлянд нисгэгчид нэхэж байгаа юм.
Тэгвэл зохион бүтээгчдийн цомын Мерседес баг тэргүүлж эхэлжээ. Канадаас бүтэн оноо авч чадсан Германы баг 222 оноотой болсон бол Феррари араас нь 214 оноотой удаалж, Рэд булл 112 оноотой III байранд бичигдэж байна.
Формула 1-н ДАШТ-ий дараагийн ГранПри энэ сарын 25-ны өдөр Азербайжан улсын нийслэл Баку хотод болох юм.
Г.Баяраа
Уншиж байна |