Таны амьдралдаа өмсөж байсан хамгийн үнэтэй гутал, снийкэр ямар үнэтэй байсан бэ? За минийх лав 400.000 төгрөг хавьцаа л тусах байх. За гайгүйхэн шиг орлоготой хүн арьсан гутал авахад гар татдаггүй гэвэл нэг сая төгрөг хавьцаа тусна. Харин одоо хэлэх гэж байгаа снийкэр буюу пүүзний үнийг сонсоод та лав итгэхгүй дээ. Саяхан болсон дуудлага худалдаагаар хуучин снийкэр 190.373 ам.долларын үнэд хүрсэн байна.
Энэ бол домогт сагсан бөмбөгч Майкл Жорданы 1984 оны Олимпийн наадамд өмсч байсан “Конвэрс Фаастбрийк Мид” снийкэр. Орчин цагийн сагсан бөмбөгт үсрэнгүй хөгжил авч ирсэн, хөгжлийн үйл явцыг нэг шат ахиулсан гэдгээр нь Майкл Жорданг сагсан бөмбөг мэддэггүй хүн ч мэднэ. Тэгвэл энэ эрхмийн өмсч байсан пүүз 100.000 ам.доллар давсан анхны тохиолдол нь энэ биш аж.
Энэ бол алдарт сагсчны “флү гэйм” буюу Монголчилбол “ханиадтай тоглолт” нэрээрээ алдаршсан тоглолтын гэрэл зураг. 1997 оны шигшээ цуврал. Юта Жаззын талбай. Цувралын 2:2 байлаа. Шийдвэрлэх тав дахь тоглолт. Алдарт Майкл Жордан маш өндөр халуунтай /гэхдээ ханиад биш хордлоготой байсан ч гэж зарим хүмүүс ярьдаг/ тоглосон гэж түүхэнд үлдсэн. Жорданы замнал дахь түүхэн тоглолтуудын нэг. Харин түүний өмссөн снийкэр бол Аиэр Жордан 12. Уг тоглолтод Жорданы итгэмээргүй тоглолтын ачаар 90:88 онооны харьцаатай Салхит хотын /Чикаго хот/ “бухнууд” ялж байлаа. Жордан тус тоглолтонд 38 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлж байв. Энэ бол түүнийг хоёр дахь дараалан аварга авахад түлхүүр болсон хожил. Учир нь цуврал зургаа дахь тоглолтоо Чикаго хотод хийх товтой байсан билээ. Энэхүү түүхэн тоглолтынхоо дараа Майкл Жордан зурган дээрх өөрийн өмссөн энэ снийкэрээ Жазз багийн бөмбөг зөөгч хүү Прэстон Трүмэнд дурсгаж байв. Тэгвэл хожмоо энэ снийкэр нь дуудлага худалдаагаар 104.765 ам доллароор үнэлэгдэн зарагдсан түүхтэй.
Харин энэ алдарт тоглолтын 20 жилийн ой орон нутгийн цагаар өнөөдөр тохиож байна. Уг тоглолтын талаар алдрын танхимын гишүүн Скотти Пиппэн “Би Майклтай олон улирал хамт тоглож байлаа. Ийм айхтар өвчтэй тоглож байхыг нь ганц ч харж байгаагүй” хэмээн хэлсэн байдаг. Тухайн үед Скотти Пиппэн “Хамгаалалтад санаа зоволтгүй, надад даатга. Чи зөвхөн довтолгоондоо анхаар” гэж Жорданд хандан хэлж байсан талаар хожмоо Фил Жэксон дасгалжуулагч дурссан байдаг.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |