Допингийн эсрэг үндэсний төвөөс Улсын начин Б.Баатарцол, Улсын начин Б.Ганзориг нарын бөхөөс сэргээш илэрсэн талаар мэдэгдлийг өнгөрсөн онд гаргасан. Улмаар Улсын начин Б.Ганзоригийн цолыг хураах, Улсын начин Б.Баатарцолын барилдах эрхийг нэг жилээр хасах шийдвэрийг Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны тогтоолоор гаргасан байдаг.
Улсын начин Б.Ганзориг сэргээш хэрэглээгүй гэдгээ мэдэгдэж дээрхи шийдвэрийг хууль бус хэмээн үзэж 2017 оны хоёрдугаар сарын 20-нд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны гаргасан шийдвэрийг Монгол Улсын шүүхээр эцэслэн шийдэх хүртэл Б.Ганзориг нь улсын начин цолтойгоо барилдах бүрэн боломжтой аж. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо болон Үндэсний Бөхийн холбоонд Б.Ганзоригийг Улсын начин цолтой нь барилдуулж болно гэдэг албан бичгийг хүргүүлжээ.
Харин Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул Улсын начин Б.Баатарцолын хувьд “Би сэргээш хэрэглээгүй. Харин ч олон жилийн турш сэргээшийн эсрэг тэмцэж ирсэн хүн. Үнэн мөн нь олдох байлгүй” хэмээж байсан.
Тэрбээр Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давж Улсын начин цол хүртсэн билээ.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |