Реал Мадридын төлөө 10 жил тоглосон хамгаалагч Пэпэ Реал Мадридыг орхих болсон талаарх мэдээллийг хүлээн зөвшөөрлөө. Өдгөө 34 настай хамгаалагчийг Пари Сен Жермен сонирхож байгаагаа илэрхийлж байх хооронд өөрөө бол Англид тоглох сонирхолтой байгаагаа илэрхийлээд амжсан юм.
Испаний Копэ радиад өгсөн ярилцлагынхаа үеэр “ Би хэн нэгнийг буруутгамааргүй байна. Зиданы Реал Мадридын амжилтанд оруулсан хувь нэмэр үлэмж их байсан ч гэлээ миний ойлгоогүй хэд хэдэн зүйл бас бий. Би Зиданд баяртай гэж хэлээгүй. Учир нь намайг явна гэдгээ хэлэхээс өмнө Зидан ч тэр, Реал Мадрид ч тэр явахыг минь аль хэдийнэ мэдчихсэн байсан.” гэжээ.
Пэпэ 2007 онд Порто клубээс 25.5 сая фунт стирлэнгээр ирснээсээ хойш 334 тоглолтонд Реалын төлөө хүчин зүтгэсэн юм. Харамсалтай нь энэ улиралд Рафаэл Варанэ, Начо зэрэг тоглогчдод тоглох минутаа алдаад байсан билээ.
Энэ зунаар гэрээ нь дуусч байгаа Пэпэ “Нэг тодорхой зүйл байгаа нь би Реал Мадридын төлөө үргэлжлүүлэн хүчин зүтгэхгүй. Нэг хуудас эргэхэд өөр нэг шинэ хуудас нээгддэг шүү дээ. Надад хэд хэдэн санал ирсний дунд Англиас ирж байгаа саналууд багагүй бий” хэмээжээ.
Пэпэ нь хэдийгээр 2016 оны Европын аваргыг Португалийн өмсгөлтэй өргөсөн ч, 18 нас хүрч Европ руу нүүхээсээ өмнө Бразилд амьдарч байсан юм. Багийн ахлагч Серхо Рамосын хамтаар Бернабеуд хамгаалалтын гол шугамыг бүрдүүлж байх хугацаандаа нийт Ла Лигийн аваргын цомыг гурван удаа, аваргуудын лигийн “дэлдэн чихтийг” гурван удаа, Копа Дэл Рэй болон клубуудын дэлхийн цомыг тус тус хоёр удаа өргөж байсан билээ.
Б. Энх- Амгалан
Уншиж байна |