Герман шилдэг багуудын нэг Боруссия Дормунд клуб шинэ дасгалжуулагчтай болох нь тодорхой болжээ. Учир нь багийн удирдлагууд өчигдөр ерөнхий дасгалжуулагч Томас Тухелийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Дөнгөж өнгөрсөн долоо хоногт Германы цомын тэмцээний шигшээ тоглолтонд Айнтрахт Франкфурт клубыг буулган авсан тэрбээр бараг 5 жил тасалдаад байсан цомын барааг дахин харуулсан юм.
Гэхдээ багийн эздэд энэ нь хангалтгүй байсан бололтой. Өнгөрсөн хавар Аваргуудын лигийн шөвгийн наймд Францын Монако багт ялагдал хүлээснээс хойш, түүнийг Хар шаруудаас явна гэсэн цуу яриа тархаад байсан нь ийнхүү батлагдсан байна. Томас Тухел 2015 онд Юрген Клоппын орыг залгаж ирсэн бөгөөд 2 жилийн хугацаанд нийт 68 тоглолтод багаа удирдаж, 42 хожил 16 тэнцээ, 10 хожигдол гэсэн өндөр үзүүлэлтийг гаргаад байсан юм.
Германы цомын эздийг удирдах шинэ мэргэжилтний сураг ч аль хэдийнээ дуулдаж эхлээд байна. Эх сурвалжын мэдээлж байгаагаар Боруссия Мюнхенгладбах клубын дасгалжуулагч асан Люсьен Фавр Дортмундад очих хамгийн өндөр магадлалтай байгаа гэнэ. 59 настай Швейцарь мэргэжилтний хувьд Францын Ницца клубыг улирдаж Лиг 1-н 3-р байранд оруулсан юм.
Г.Баяраа
Уншиж байна |