Мэргэжлийн спорт гэдэг бол бизнесийн маш том зах зээл болоод удаж байгааг бид мэднэ. Сүүлийн жилүүдэд дэлхийн хүн амын өсөлт, насжилт, эрүүл амьдралын хэвшлийн төлөө хүмүүсийн санаа зовнил зэргээс шалтгаалаад спорт хүн төрөлхтний салшгүй нэг хэсэг болсон. Тиймээс ч спортын тэмцээн уралдаанууд ямагт сая сая хүний анхаарлын төвд байдаг. Үүнийг нь дагаад мэргэжлийн багуудын зах зээл томорч, телевиз, кабелийн сувгууд тэднийг шууд дамжуулах эрхийг нь авахын тулд тухайн лигт нь мөнгө төлж, улмаар жижиг орнуудад тэрийгээ мөн зарж эргээд ашиг олдог. Үндсэндээ энэ мөнгөний урсгалын үйлдвэрлэгчид нь том багууд, сүпер одууд билээ.
Тэгвэл Америкийн алдарт "Форбес" сэтгүүлээс 2017 оны хамгийн үнэ цэнэ бүхий 10 багийн жагсаалтыг гаргасан байна. Хойд Америкийн сагсан бөмбөгийн лигийн хамгийн үнэ цэнэ бүхий 10 багийг танилцуулъя.
Дашрамд дурьдахад НБА-ын дундаж багийн үнэ ханш 1.36 тэрбум ам.доллар байдаг гэх судалгааг "Форбес" сэтгүүлээс гаргажээ. Энэ нь эдгээр арван багийг хэр үнэ цэнэтэйг ойлгоход тус болох болов уу.
10. Хит
Одоогийн ханш: 1.35 тэрбум ам.доллар
2015-2016 оны улиралд бүсийн хагас шигшээ цувралыг өнжсөнөөс хойш дорвитой амжилт үзүүлээгүй баг. Үндсэн үйл ажиллагааны орлогоос л гэхэд 21.1 сая америк долларын орлоготой, нийт 210 сая долларын орлоготой ажилласан байна. Нарлаг Маиами хотын баг нийт тэрбум 350 сая Америк долларын үнэ цэнэтэйгээр жагсаалтын аравдугаар байранд орж байна. Хит гэсэн брэнд 167 сая долларын ашиг л олж ирсэн гэж бодоход үнэхээр ашигтай ажиллажээ.
9. Даллас Маварекс
Одоогийн ханш: 1.45 тэрбум ам.доллар
2000-2001 оны улирлаас хойш энэ баг плэй офф буюу хасагдах шатны тоглолтуудыг ганцхан удаа өнжиж байсан. Харин энэ жил энэ тоогоо 2 болгосон билээ. Гэхдээ л сүүлийн 2 жилийн хугацаанд тогтмол байсан энэ баг энэхүү жагсаалтын есдүгээр байранд оржээ. Форбесийн мэдээллэснээр тэд хамгийн олон тоглолт дарааллан бүх тасалбараа дуустал зарсан багаар нэрлэгдэж байна. Тодруулбал 691 тоглолт дарааллан бүх суудлын тасалбарыг үзэгчид авчээ. Багийн одоогийн ханш 1.45 тэрбум ам.доллар. Багийн эзэн Марк Кюбан өөрийн хөрөнгө оруулалтандаа сэтгэл хангалуун байгаа нь ойлгомжтой.
8. Хьюстон Рокэтс
Одоогийн ханш: 1.65 тэрбум ам.доллар
Өнгөрсөн улиралд “Пуужингууд”-ын хөдөлгүүр доголдож 41-41 гэсэн амжилттайгаар наймдугаар байраар хасагдах шатанд орох эрхээ авж байсан. 2015-2016 оны үндсэн үйл ажиллагааны орлого 62.7 сая ам.доллар боловч 244 сая долларын нийт орлого хуримтлуулж чадсан . Тэгвэл энэ багийн өнөөдрийн зах зээлийн ханш 1.65 тэрбум ам.доллар. Үүнд нөлөөлсөн нэг хүчин зүйл нь мэдээж багийн сүпер од Жэймс Хардэнгийн гайхалтай тоглолт. Түүний ачаар энэ жил тус баг гуравдугаар байраар плэй оффт орж, өөрөө хамгийн үнэ цэнэтэй тоглогч болоход ойрхон байна.
7. Брүүклин Нэтс
Одоогийн ханш: 1.8 тэрбум ам.доллар
Адууны хомоол ч гэсэн хар зээх дээр өндөр үнээр зарагдаж болдог гэдгийн жишээ бол Брүүклин Нэтс. 2015-2016 оны улиралд 21-61 гэсэн амжилттайгаар улирлыг дуусгаж бүсдээ 14 дүгээр байранд орсон. Гэсэн хэдий ч энэ багийг худалдаж авахын тулд таны дансанд 1.8 тэрбум ам.доллар байх шаардлагатай. Нью Иорк хэмээх том зах зээлтэй хотод хямдхан юм гэж байдаггүй бололтой.
6. Лос Анжэлэс Клиппэрс
Одоогийн ханш: 2.0 тэрбум ам.доллар
Клиппэрс хэзээ ч нэг хотынхоо нөгөө баг шиг болж чадахгүй байх. Гэхдээ л ямар ч байсан хөрөнгө оруулалт хийхэд дампуурчихгүй баг. Үндсэн үйл ажиллагааны орлогын тайлан хасах 11.8 сая ам.доллар гэж алдагдалтай гарсан боловч нийт орлого нь 185 сая болж байна. Багийн зах зээлийн үнэ 729 сая. Үүн дээр спортын үйлдвэрлэлээс 675 сая ам.доллар орж ирдэг.
5. Бостон Сэлтикс
Одоогийн ханш: 2.2 тэрбум ам.доллар
Бостон Сэлтикс түүхэнд үргэлж л мэргэжлийн спортын хамгийн үнэтэй багуудын нэг байсаар ирсэн. 2015-2016 оны улиралд багийн амжилтаас эхлээд бүх зүйл дээр өсөлт мэдрэгдэж эхэлсэн гэхэд болно. Үндсэн үйл ажиллагааны орлого 60.1 сая ам.доллар. Нийт орлого 200 сая. Харин зах зээл дээрх үнэ нь 2.2 тэрбум ам.доллар. Багийн холбон тоглогч Азаиа Томас нь ийм түвшинд гялалзаж байгаа цагт энэ хандлага үргэлжлэх нь ойлгомжтой.
4. Чикаго Буллз
Одоогийн ханш: 2.5 тэрбум ам.доллар
Буллз талбай дээр учраа олохгүй байж болох ч, талбайн гадна эзэднь бол айх айдасгүй байна. 2015-2016 оны улиралд Буллзын тоглолт бүрийг дунджаар 21.820 хүн цуглан үздэг гэсэн судалгаа гарчээ. Үүгээрээ НБА-г долоо дахь жилдээ тэргүүлж байна. Нийт орлогоос 232 саяыг олдог бөгөөд үүний 45.5 саяыг үндсэн үйл ажиллагааны орлого бүрдүүлдэг. Тэд яг одоо зах зээл дээр 2.5 тэрбумаар үнэлэгдэж байна.
3. Голден Стэйт Уорриорс
Одоогийн ханш: 2.6 тэрбум ам.доллар
Түрүү жил хоёр дахь аваргаа авахад ганцхан хожил л дутсан ч үнэ өртгийн хувьд толгой цохиж орж ирж байна. Тэднийг кабелийн сувгаар үзэгчдийн хандалт хамгийн ихтэй спортын багууд нэгээр нэрлэж болно. Үндсэн үйл ажиллагаанаас 74.2 сая ам.долларыг олдог. Харин нийт орлого нь 300 сая ам.доллар. Тэдний нийт үнэ нь өмнөх жилтэй харьцуулахад 37 хувиар өссөн нь лигийг тэргүүлэх үзүүлэлт болж байна. Энэ маягаараа тэдний өсөлт талбай дээрх тоглолт шигээ гайхалтай байсаар байх бололтой.
2. Лос Анжэлэс Лэйкэрс
Одоогийн ханш: 3.0 тэрбум ам.доллар
Лэйкэрс гэдэг брэнд 595 сая байгаа нь магадгүй тэднийг хоёрдугаарт оруулж байгаа байх. Өнгөрсөн жилээс хойш 11 хувийн үнийн өсөлттэй байгаа баг. Тэдний спорт барааны зах зээл 1.7 тэрбумаар үнэлэгдэнэ. Үндсэн үйл ажиллагааны орлогоос 119 саяыг олсон бол нийт 333 саяын орлоготой ажилласан байна. Багийг бүхэлд нь үнэлбэл 3 тэрбум болж байна.
1. Нью Иорк Никс
Одоогийн ханш: 3.3 тэрбум ам. Доллар
Хоёр дахь жилдээ дарааллан Никс энэ жагсаалтыг тэргүүлж байна. Тэдний багийн амжилтыг мэддэг хүнд бол харьцуулж сонсоход итгэмээргүй сонсогдож байгаа нь ойлгомжтой. Үндсэн үйл ажиллагааны орлого нь 149 сая ам.доллар болж НБА-д рекорд тогтоосон нь зөвхөн Нью Иорк хоттой л холбоотой биз. Багийн зах зээл дээрх ханш 1.7 тэрбум доллар, ордны үнэ нь 849 сая ам.доллар. Ийм зүйлийг зөвхөн Нью Иорк хотод л харж болно.
Б.Энх- Амгалан
Уншиж байна |