Формула 1 ДАШТ-ийн Монакогын гранпри өнгөрсөн ням гарагт боллоо. Улирлын хуваарьт багтсан 6 дахь уралдаан олон талаараа анхаарал татсан өрсөлдөөнтэй уралдаан байсан юм. Бямба гарагт болсон байрлал тогтоох уралдааныг эргэн харвал Феррари багийн хослол илүүрхсэн. Финланд эр Кими Райконен тэргүүн байрнаас гарахаар болсон бол араас нь С.Фэттэль, Мерседес багийн Валтерри Боттас нар замд гарсан юм. Харин байрлал тогтоох уралдаанд азгүйтсан Льюис Хамилтон 13-р байрнаас уралдааныг эхлүүлсэн юм. Түүний машинд жолоодлогын зарим нэг алдаа байснаас гадна, сонгосон дугуйнд ч учир байсан нь харагдаж байсан юм.
Эхлэл
Үндсэн уралдаан эхлэхэд Ферраригийн хослол тэргүүн байраа хадгалсан бол араас гарсан тамирчдийн дараалалд ч тун бага өөрчлөлт орлоо. Харин 34-р тойрогт Райконен эхний питстопт орсны дараа Фэттэль ганцаараа тэргүүлэлийг авсан байна. Асуудалтай тулгарсан Хамилтон энэ үед араас хүчтэй дайралтын хийж байсан ч түүний машинд багагүй асуудал байсан нь өрсөлдөөнд орж ирэх боломжыг хааж байлаа. Ингэснээр Мерседесийн оноо авах гол найдвар нь Валттери Боттас болсон юм. Харин энэ хооронд Рэд булл багийн хослол тун нягт уралдааныг гаргаж, дайралтад бэлтгэлж байсан юм.
Осол ба Текникийн асуудал
Уралдааны эхлэлийг бүх багууд сайн хийж чадсан ч удалгүй байрлалд өөрчлөлт орж эхэлсэн байна. 15 дахь тойрогт Рено багийн Нико Хюлкенбергийн машины хурдны хайрцагт асуудал гарч замаа чөлөөлсөн бол 57 дахь тойрогт Саубер багийн Паскаль Вээрлайн, Макларен багийн Жэнсон Баттон нар контакт үүсгэж, хамтдаа уралдааныг орхижээ. Зодог тайлсан Дэлхийн аварга Британи нисгэгчийн хувьд ослын буруутан байсан бөгөөд энэ гранприд Фернандо Алонсог орлож уралдсан ч торгууль хүлээх нь тодорхой болсон. Мөн 63 дахь тойрогт Саубер багийн нөгөө тамирчин Маркус Эрикссон, 66 дахь тойрогт Макларений Стоффель Вандорн нар осолдож уралдааныг орхисон бол ердөө 5 тойргийн дараа Канадын Лэнс Стролл мөн уралдааныг орхижээ. Уильямс багийн нисгэгчийн хувьд тормосны асуудалтай тулгарсан юм. Бас Торо Россо багийн Орос залуу Даниил Квят өчигдөр асуудалтай тулгарсан бөгөөд 71р тойргоос уралдааныг орхижээ. Тэрбээр Форс Индиагын Серхио Перестэй мөргөлдөж уралдаанаа дуусгасан бол , Мексик эр барианд орж чадсан юм.
Өрсөлдөөн
Сүүлийн 6 тойргийн өмнөх осолын дараа аюулгүйн машин гарч ирсэн нь өрсөлдөөнийг багагүй хязгаарласан. Гэхдээ энэ боломжыг хамгийн сайн ашигласан баг нь Рэдбулл байсан бөгөөд цагаа олсон Питстопыг хийж, зөөлөн ультра софт дугуйг ашигласнаар 3-р байранд байсан Валттери Боттасыг гүйцэх боломж гаргасан юм. Гэхдээ зөвхөн Австралийн Даниель Риккардо л үүнийг хийсэн. Ижил боломж Макс Ферстаппенд мөн олдсон ч ашиглаж чадалгүй үндсэн уралдааныг дуусгасан. Харин араас тун хүнд нөхцөлд уралдсан Хамилтон тун сайн дайралт хийж 7-р байранд орсон байна.
Харин энэ үед уралдааны урд хэсэгт Ферраригийн хослол ноёрхож байлаа. Улмаар Дэлхийн 4 удаагийн аварга Себастиан Фэттэль тэргүүн байрыг эзэлснээр, улирлын 3 дахь ялалтаа авсан байна. Энэ нь Италийн Феррари багийн хувьд 16 жил хүлээсэн ялалт байлаа. Хамгийн сүүлд 2001 онд тус багаас домогт Михайл Шумахер Монакогийн гранприд түрүүлж байсан бөгөөд Фэттэль энэ үе ердөө 13 настай жаахан хүү байжээ.
Ийнхүү ДАШТ-ий нисгэгчдийн цомыг С.Фэттэль 129 оноотой тэргүүлж эхэлсэн бол араас нь Л.Хамилтон 105, Валттери Боттас 75 оноотой тус тус жагсаж байна. Мөн зохион бүтээгчдийн цомын өрсөлдөөнийг 196 оноотой Феррари тэргүүлж эхэлсэн бол хуучин тэргүүлэгч Мерседес 179 оноотой болсноор байр ухарчээ.
Хотын Бизнес
Манай гаригийн хамгийн өндөр өртөгтэй хотуудын тоонд багтдаг Монако хотын бизнес эрхлэгчид Формула 1-н үеэр ихээхэн хэмжээний ашиг хийдэг нь нэгэнт батлагдсан зүйл. Энэ жилийн хувьд ч мөн олон зүйлийн үнэ өртөг тэнгэрт хаджээ.
Жишээлбэл өнгөрсөн ням гарагт ширхэг шарсан хавч худалдан авахад 88 фунт (271.600 төгрөг) төлөх шаардлага гарч байсан бол хундага оргилуун дарс 22 фунт (67.800 төгрөг) хүрчээ.
Харин өндөр зэрэглэлийн зочдийн хувьд Монакогийн уралдааныг тансаг завин дээрээс үздэг уламжлалтай, энэ жилийн хувьд өндөр зэрэглэлийн завийг нэг өдөр түрээслэхэд 100.000 фунт стерлинг буюу 308 орчим сая төгрөгийн өртөгтэй байжээ.
Зочид
Жил бүрийн Монакогын гранприд ирсэн зочдийн дунд олны танил эрхмүүд олноороо багтсан байдаг. Энэ жилийн уралдааныг Английн Манчестер Юнайтед багийн менежер Жозе Моуринью, Холливуудын од Крис Хэмесворт, Талбайн тэннисний Сүпер од Сэрэна Уильямс зэрэг олон алдартнууд хүрэлцэн ирж үзжээ.
Дараагийн уралдаанд Феррари юу? Мэрсэдэс үү?
Ийнхүү жилийн хамгийн содон уралдаан байж чаддаг Монакогын гранпри өндөрлөж, Италийн домогт баг сайн үр дүн авлаа. Харин хуваарьт багтсан дараагийн уралдаан 2 долоо хоногийн дараа Канад улсад болно. Өндөр формтой байгаа Феррари энэ гранприд мөн л сайн үр дүн авахыг хичээх бол Мерседес хүчтэй эргэн ирэлт хийхээр төлвлөж байгаа нь гарцаагүй. 4.3 км урттай, 13 эргэлттэй энэ замд өндөр хурд гаргах боломж тун их байдаг бөгөөд Британи нисгэгч Льюис Хамилтон өндөр үр дүнг үзүүлдэг, Монреалын замд тэрбээр сүүлийн 2 жил дараалан ялалт байгуулаад байгаа тэрбээр нийт 5 удаа Канадын гранприд түрүүлсэн билээ.
Г.Баяраа
Уншиж байна |